Мөстлөгийн үеийн үсэрхэг хирсний маш сайн хадгалагдсан үлдэгдлийг Сибирийн мөнх цэвдэгээс илрүүлснээ Оросын эрдэмтэд өчигдөр зарлажээ. Араг яснаас гадна арьс үс, эвэр, дотор эд эрхтнүүд бүхий уг ховор олдворыг энэ оны наймдугаар сард Якутаас анх илрүүлсэн юм байна.
Өнгөрсөн хугацаанд олдворыг тээвэрлэх зам мөстөж бэлэн болохыг хүлээсээр одоо л лабораторид хүргэх боломжтой болж байгаа ажээ. Шинэ олдвор нь 3-4 настай хирсний тугал байсан бөгөөд усанд живж үхсэн байх магадлалтай гэж таамаглаж байгаагаа Оросын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд хэвлэлд ярьжээ. Олдворыг 20,000-50,000 жилийн настай гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.
Лабораторид шинжилгээ хийсний дараа хугацааг нарийвчлан тогтоох ажээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотойгоор Сибирийн мөнх цэвдэг гэсэж, арслан заан, үсэрхэг хирс, агуйн арслан зэрэг эрт цагийн амьтдын үлдэгдэл олноор илрэх болсон юм.
Эх сурвалж: The Guardian