БНСУ-ын эрдэмтдийн бүтээж буй коронавирусийг эмчлэх эм ирэх нэгдүгээр сарын сүүлээр бэлэн болно

БНСУ-ын эрдэмтдийн бүтээж буй коронавирусийг эмчлэх эм ирэх нэгдүгээр сарын сүүлээр бэлэн болно

БНСУ-ын эм үйлдвэрлэлийн “Celltron” компанийн бүтээж буй коронавирусийг эмчлэх шинэ эмийн хоёрдугаар шатны эмнэлзүйн туршилт амжилттай болж ирэх 2021 оны нэгдүгээр сарын сүүлээр АНУ-ын болон Европын Хүнс, эмийн агентлагуудад бүртгүүлэх хүсэлтээ илгээсэн талаар мэдээллээ.

“CT-P59” хэмээх эм нь халдвар авсан эхний үе шатанд хэрэглэх зориулалттай бөгөөд  энэ үед  өвчтөнд илүү сайн үр дүнтэй үйлчлэх аж.

Хоёрдугаар шатны эмнэлзүйн туршилтад Өмнөд Солонгос, Румын, Испани, АНУ-ын нийт 327 өвчтөн хамрагдаж, эцсийн эмчилгээг 11 дүгээр сарын 25-ны өдөр хийжээ. Харин вакцины гуравдугаар шатны туршилтыг үргэлжлүүлэн 10 улсын өвчтөнүүдэд хийх юм байна. Хоёрдугар шатны туршилт амжилттай болсны дараа тус компани эмээ дотоодод нэвтрүүлэх хүсэлтээ илгээжээ. Харин БНСУ-ын Эмийн удирдлагын газраас 40 хоногийн турш хяналт, шалгалт хийсний дараа шийдвэр гаргахаар болсон байна.  

"Celltrion”-ийн мэдэгдлийн дараа компанийн хувьцааны үнэ нэмэгдэж, мягмар гарагт 360,500 вон буюу өмнөхөөсөө 10,8 хувиар өсчээ.

Тус улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Өнгөрсөн 11-р сард нэг өдөрт илрэх халдвар хоёр оронтой тоонд багтаж байсан бол өнөөдөр 1056 шинэ тохиолдол бүртгэгджээ. Иймээс Засгийн газраас энэ сарын 28-нд дуусах ёстой байсан нийслэл орчмын нийгмээс зай барих 2.5 үе шат болон бусад газруудад тогтоосон 2-р үе шатыг 2021 оны нэгдүгээр сарын 3-н хүртэл сунгасан юм. 

Эх сурвалж: Koreatimes