Байден вакцин үйлдвэрлэлтийг түргэсгэхийн тулд дайны үеийн хууль ашиглана гэв

Байден вакцин үйлдвэрлэлтийг түргэсгэхийн тулд дайны үеийн хууль ашиглана гэв

Коронавирусээс сэргийлэх вакциныг улс орондоо түгээх ажлыг түргэсгэхийн тулд Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа дайны үеийн хууль ашиглана гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден мэдэгджээ. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөж, төрийн тэргүүний албан тушаалд очих юм.

"Вакцин түгээлтийн явцыг түргэсгэхийн тулд албан тушаалдаа ормогцоо дайны үеийн хууль ашиглана. Вакцин бүтээхэд шаардлагатай бодисууд болон хамгаалалтын тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэлийг түргэсгэхийг хувийн компаниудад үүрэг болгоно" хэмээн Жо Байден мэдэгджээ. Түүний дурдсан хууль нь үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг Ерөнхийлөгчид олгох юм. Өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахал эхэлснээс хойш энэ хуулийн зарим заалтуудыг хэдэнтээ ашиглаж байв.

Байдены үзэж байгаагаар Трампын захиргаа АНУ-д вакцин түгээх ажлыг төлөвлөсөн шигээ хурдаар гүйцэтгэхгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: ABC News