ЭМЯ: Автобусны жолоочийн гэр бүлийн хүн БЗД-ийн эмнэлгийн сахиур байсан

ЭМЯ: Автобусны жолоочийн гэр бүлийн хүн БЗД-ийн эмнэлгийн сахиур байсан

“Тэнүүн Огоо” ХХК-ийн “Чингэлтэй-Зунжин” чиглэлийн автобусны жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтлуудыг тусгаарласан болохыг өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тухайн жолооч гэр бүлийнхээ хүнээс халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй, тухайн автобус баазын 90 хүнийг тусгаарлан шинжилгээ авч байгаа аж. Тус жолооч одоогоор ХӨСҮТ-д тусгаарлагдсан бөгөөд гэр бүлийнх нь хүн Баянзүрх дүүргийн эмнэлгийн сахиур байжээ. Иймд арванхоёрдугаар сарын 20-ноос 24-ний хооронд “Чингэлтэй-Зунжин” чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар "тухайн жолооч халдвартай гарахаасаа өмнө хувийн ажлаар чөлөө авсан байсан. Энэ сарын 26-нд нас барсан иргэний оршуулгын ёслолд оролцсон байж болзошгүй" хэмээн мэдэгдэж байсан. Харин энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Талийгаач нь нас барахаасаа өмнө халдвар авсан байсан үгүйг нь нарийн тогтоогоогүй. Гэхдээ тухайн оршуулах ёслолд оролцсон нэг хүнээс халдвар илэрсэн. Одоогоор 30 хүнийг тусгаарласан" хэмээн хэвлэлд мэдээлсэн юм.