Луут хотын малтлага энэ жилийн археологийн шилдэг судалгаагаар шалгарлаа

Луут хотын малтлага энэ жилийн археологийн шилдэг судалгаагаар шалгарлаа

Монголын археологчдын тухайн оны хээрийн судалгааны тайлангаа хэлэлцдэг "Монголын археологи" эрдэм шинжилгээний хурал онлайн хэлбэрээр явагджээ. Энэ жил цар тахлын улмаас гадаадын хамтын ажиллагаа хумигдаж томоохон хэмжээний малтлага хийгдээгүй боловч манай археологчид хайгуул болон бага хэмжээний малтлагуудыг маш амжилттай хийсэн гэж дүгнэгджээ.

Тодруулбал, энэ жил Улаанбаатарын их сургуулийн багш, доктор Т.Идэрхангай, С.Оргилбаяр, Д.Цэнд, Б.Батчимэг, Б.Амгаланбат, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын бүрэлдэхүүнтэй судалгааны багийн Харгантын дөрвөлжингийн (Хүннүгийн Лунчен ордон) малтлага судалгаа тэргүүн байр эзэлжээ. Судалгааны баг уг малтлагаар Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Хүннү гүрний  нийслэл Луут хот буюу Лун-Ченийг нээн илрүүлсэн.

Энэ хотыг эртний сурвалж бичигт Монгол орны хангайн нуруунд бий гэснээс өөр баримжаагүй байсаар өнөөг хүрсэн юм. Тус хот давхар хэрэмтэй, хүний гараар байгуулсан усан сантай байгаа нь нэн сонирхолтой. Барилгын дээврийн чимэглэл болох нүүр вааран дээр “ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ” гэсэн эртний ханзан бичээстэй олдсон нь Луут хот мөн болохыг гэрчилж байсан юм.

Харин дэд байрт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Энхтөр, Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх, Л.Мөнхбаяр, Т.Батбаяр, Г.Батболд, Б.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй судалгааны багийн Архангай аймгийн Батцэнгэлээс-Өгийнуур чиглэлийн автозамын дагуу хийсэн авран хамгаалах судалгаа шалгарчээ.