ОХУ-ын эрдэмтэд ДОХ-ын эсрэг вакцин бүтээснээ зарлав

ОХУ-ын эрдэмтэд ДОХ-ын эсрэг вакцин бүтээснээ зарлав

Эрдэмтэд хүний ​​дархлал хомсдол /ДОХ/-ын вирусийг “хамелеон” шинж чанартай гэдэг. Учир нь вирус байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд энэ нь хүн дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн эсрэг вакцин бүтээх гэсэн бүх оролдлогыг талаар болгож ирсэн юм.

Тэгвэл ОХУ-ын шинжлэх ухааны “Вектор” судалгааны төвийн эрдэмтэд хүний ​​дархлал хомсдолын вирус /ХДХВ/ буюу ДОХ-ын эсрэг вакциныг амжилттай боловсруулж буй талаараа мэдэгджээ.

“СombiHIVvac-Novo” гэж нэрлэсэн тус вакцины туршилтад 240 хүн хамрагдсан бөгөөд туршилтад хамрагдсан бүх сайн дурынханд ХДХВ-ийн эсрэг биет  үүссэн аж. 

“Вектор” төвийн эрдэмтэд 2011 онд ХДХВ-ийн эсрэг вакцины анхны хувилбарыг бүтээж, эмнэлзүйн туршилтын эхний үе шатыг хийж байжээ. Харин “CombiHIVVac-Novo" нь анхны вакцины сайжруулсан хувилбар юм байна. Туршилтаар шинэ хувилбарын вакциныг тарьсны дараа эсрэг биеийн идэвхжил анхны хувилбараас арав дахин их байсан нь тогтоогджээ.

Хүний дархлал хомсдолын вирус нь гурван хэмжээст, нарийн төвөгтэй бүтэцтэй байдаг бөгөөд бүрхүүлээ маш хурдан өөрчилдөг. Харин вакцин нь ХДХВ-1 (A, B, C) гурван дэд хэв шинжид маш сайн хадгалагддаг вирусийн үндсэн уургийн жижиг хэсгүүдийг агуулдаг байна.

Өөрөөр хэлбэл зөвхөн дархлаа тогтооход шаардлагатай вирусийн уургийн хэсгүүдийг багтаасан, бүрэн хэмжээний вирусын бүтэц агуулаагүй, вирусийн хамгаалалтын дархлаа үүсгэгчийг дарангуйлах замаар хүний биед нөлөөлдөг гэнэ.  

Вакцины туршилтыг Новосибирск мужид байрлах халдварт өвчний хоёр төвд хийж байгаа бөгөөд эмнэл зүйн туршилт 2021 онд дууссаны дараа ОХУ-д албан ёсоор бүртгүүлнэ хэмээн “Вектор” мэдээлжээ. Мөн судалгааны ажлын дэлгэрэнгүй мэдээллийг ирэх онд гаргах юм байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Vedomosti, Interfax