Франц, Японд коронавирусийн шинэ хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгджээ

Франц, Японд коронавирусийн шинэ хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгджээ

Их Британийн өмнөд бүс нутагт илэрсэн коронавирусийн шинэ хувилбараар өвчилсөн тохиолдол Франц, Япон улсуудад бүртгэгджээ. Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Лондон хотоос энэ сарын 19-нд ирсэн Францын иргэн шинэ хувилбараар өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Үүнээс гадна Японд мөн л гаднаас зөөвөрлөгдөн ирсэн аж.

Тодруулбал, Их Британиас Японд ирсэн таван иргэнээс илэрсэн байна. Ингэснээр Их Британиас эхлэлтэй коронавирусийн шинэ хувилбар Дани, Шотланд, Уэльс, Япон, Франц улсуудад бүртгэгдэж байна.

Коронавирусийн шинэ хувилбараас хамгаалахын тулд дэлхийн олон орон агаарын хилээ хаагаад байна. Саудын Араб зэрэг зарим улс хэсэг хугацаанд хилээ бүрэн хаасан бол олон улс орон зөвхөн Их Британиас ирэх зорчигчдыг хүлээж авахаа зогсоосон юм. Хамгийн сүүлд ОХУ тус улстай агаарын тээврийн харилцаагаа зогсоож, ирсэн зорчигчдыг нь 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч эхэлжээ. 

Шинээр илэрсэн коронавирусийн төрөл нь хүнээс хүнд халдварлахдаа илүү “гаргууд” гэдгээрээ онцлог. Эрдэмтдийн ийн таамаглал дэвшүүлэх болсон шалтгаан нь Их Британийн өмнөд  нутагт халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотой гарсан гэж хэлэх үндэслэлтэй. Учир нь тус бүс нутагт илэрсэн халдваруудын ихэнх нь шинэ төрлийн вирусээс үүссэн байгаа юм.

Эх сурвалж: CNN