ЖОЛООЧ Д: Би бүрэн эдгэсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа

ЖОЛООЧ Д: Би бүрэн эдгэсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа

Өнгөрсөн арван нэгдүгээр сарын 10-ны өдөр /2020.11.10/  иргэн Д-ээс коронавирусийн халдвар илэрч манай улс дотооддоо буюу нийгэмд коронавирусийг алдсанаа албан ёсоор зарлаж байв.

Иргэн Д ийн хувьд олон улсын тээврийн жолооч бөгөөд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин Улаанбаатарт ирж “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлалтад байж байгаад арваннэгдүгээр сарын 06-ны өдөр тусгаарлалтаас гарсан. Тэрбээр тусгаарлалтаас гарахдаа коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг гарсан гэдэг.

Гэтэл дөрөв хоногийн дараа ХӨСҮТ-ээс дахин шинжилгээ авахад эерэг гарсан нь асуудал дагуулсан юм. Д-ийн хувьд гэртээ гарснаас хойш Улаанбаатар паласт “Хархан нүдэн тоглолт” үзсэн бөгөөд өөр бусад, хэд, хэдэн газарт явсан байдаг.

Тухай үед жолооч Д нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би тусгаарлагдахаасаа өмнө тусгаарлагдах явцдаа гурван удаа коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Тусгаарлалтын хугацаа дуусч Улсын онцгой комисс, ХӨСҮТ-ээс намайг гарч  болно гэсэн бичиг хийж өгсөн. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр тусгаарлалтаас гарсан. Би Энхсаран сувилалд байхдаа халдвар авсан болов уу гэж таамаглаж байгаа” гэж байсан юм.

Уг үйл явдлаас үүдэн Энхсаран сувилал нь халдвар хамгааллын дэглэм сахиагүйгээс хариуцлага алдсан асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж тухайн үед тус сувилалд тусгаарлагдаж байсан  иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Мөн жолооч Д –ийн ойрын хавьтал буюу эхнэр, дүү, хадам ээж болон бусад ах дүү нараас коронавирус илэрч, нийгэм даяар шуугиан болсон.

Тэгвэл бид жолооч  Д-тэй  холбогдож биеийн байдлыг нь асууж тодрууллаа.

-2-3 УДААГИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР СӨРӨГ ГЭДЭГ НЬ БАТЛАГДСАН-

-Сайн байна уу. Эмнэлгээс гараад тусгаарлалтад орсон байх. Бие нь яаж байна?

-Энэ сарын 18-ны өдөр эмнэлгээс гарсан. Бие сайн байна. Анх ХӨСҮТ-д очихдоо ямар байсан яг тийм л байна. Би зовиур багатай эмнэлэгт очсон шүү дээ. Стандарт эмчилгээний дагуу эмүүдээ уугаад байж байна. Гэрийн тусгаарлалтын долоо хоногт шилжсэн байж байна. Эмнэлгээс гарснаас хойш нэг удаа шинжилгээ авсан. Хариу нь сөрөг гарсан.

-ХӨСҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээ хэр санагдсан бэ?

-Дажгүй ээ.

-Ах, дүү нар тань эмнэлгээс гарсан уу?

-Бүгд гарч гэрийн тусгаарлалтад байгаа. Хүүхдүүд маань дажгүй сайн байгаа. Бага хүүхэд маань ХӨСҮТ-д ээж, аавтайгаа тусгаарлагдсан ч сөрөг байсаар л гарч ирсэн. Бид нараас нь 2-3 удаа шинжилгээ авсан. Бүгд сөрөг гарсан. Гэрийн тусгаарлалтаас өмнө буудалд тусгаарлагдаж байсан. Өөр дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Та бүхэнд баярлалаа.

-Баярлалаа.