Хатуу хөл хорио тогтоосон ч эмнэлгийн яаралтай тусламж авах бүрэн боломжтой

Хатуу хөл хорио тогтоосон ч эмнэлгийн яаралтай тусламж авах бүрэн боломжтой

Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зарим иргэн эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа талаар цахим сүлжээгээр мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө.

Тэрээр “Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдал зарласан боловч Өрхийн эрүүл мэндийн төв, Дүүргийн эрүүл мэндийн төв, Гуравдахь шатлалын гэж ярьдаг үндэсний хэмжээний төвүүд хэвийн горимоороо 24 цаг жижүүрлэн ажиллаж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг тусгаарлалтад орсон учир тус дүүргийн иргэд Улсын II төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Энэрэл эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэх мэт эмнэлгүүдэд шаардлагатай үйлчилгээг авах хуваарь гаргасан байгаа. Эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага гарвал яаралтай тусламжийн 103 дугаарын утас, ХӨСҮТ-ийн 100 дугаартай утас, Зөвлөгөөний 119 дугаар мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1800-0119 дугаарт холбогдож шаардлагатай мэдээллийг авах боломжтой. Ямар нэгэн байдлаар яаралтай тусламж дуудахад бүх нийтийн бэлэн байдал зарласан гээд ирэхгүй гэсэн зүйл байхгүй. Эмнэлгийн тусламж авах бүрэн боломжтой” гэв.