Чихэр өвс коронавирусийг устгадаг болохыг тогтоожээ

Чихэр өвс коронавирусийг устгадаг болохыг тогтоожээ

Чихэр өвсний үндсэнд агуулагддаг глицирризиний хүчил коронавирусийг дарангуйлах чадвартай болохыг Германы “Эссен”-ийн их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд тогтоожээ.

Энэ тухай судалгааны ажлын дүнг шинжлэх ухааны “bioRxiv” номын санд нийтэлсэн байна. Лабораторийн судалгаанд зориулж эрдэм шинжилгээний баг 8 мг/мл харьцаатай чихэр өвсний үндэсний ханд бэлтгэсэн байна. Энэхүү бэлдмэлд коронавирусийг янз бүрийн тунгаар хийж, 37 хэмийн дулаанд нэг цагийн турш битүүмжилжээ.

Гэтэл чихэр өвсний 0.5-1 мг/мл харьцаатай ханд коронавирусийг устгасан байна. Энэ хэмжээ нь чихэр өвсний цайн дахь агууламжтай харьцуулахад харьцангуй бага тун юм. Тиймээс Германы эрдэмтэд чихэр өвсний ханд коронавирусийн эмчилгээнд үр дүнтэй гэсэн дүгнэлт хийжээ.

Чихэр өвсний үндэс нь амьсгалын замын системийг цэвэрлэж, астам, бронхит зэрэг хамар хоолойн өрөвсөлийг дарж, элэг цэвэрлэж, биеэс хорыг гадагшлуулдаг гэдгээрээ алдартай тул монголчууд эрт дээр үеэс уламжлалт эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Германы судлаачид чихэр өвсний үндэс, глицирризинийг коронавирусийн эсрэг эмчилгээнд үр дүнтэй болохыг батлах зорилгоор илүү нарийн судалгаа хийх шаардлагатайг онцлоод энэ ургамал нь аюулгүй болохыг аль эрт тогтоосныг дурдсан байна. Мөн хэд хэдэн улс орнууд коронавирусийн эсрэг эмний найрлагандаа чихэр өвсийг оруулснаа дурджээ.

Эх сурвалж: Research gate