Халдвар гараагүй байх үед БЗД-ийн эмч нар тасгуудаар амны хаалтгүй явдаг байсан гэв

Халдвар гараагүй байх үед БЗД-ийн эмч нар тасгуудаар амны хаалтгүй явдаг байсан гэв

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс энэ сарын 17-ны өдөр /2020.12.17/ коронавирусийн халдвар илэрснээр Улаанбаатар хотод коронавирусийн халдварын томоохон голомт үүсч, нийслэл даяар бүх нийтийн бэлэн байдалд дахин шилжих гэж байгаа билээ.  

Тус халдварын голомттой холбоотой халдвар авсан ойрын болон дам хавьтлуудын  тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, тус эмнэлгийн эмч, сувилагч нар ч халдвар авсан нь тогтоогдсоор байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт чанга, хатуу хөл хорио тогтоож хэнийг ч оруулж гаргахгүй байгаа бөгөөд эмнэлгийг бүхэлд нь тууздаж, орц, гарцыг нь цагдаа нар хамгаалалтад авсан байдалтай байна. Дотор нь 85  эмч, сувилагч тэргүүтэй хүмүүс ажиглалтад байгаа юм. Мөн тус эмнэлгээс илэрсэн 20 хүний ойрын хавьтал 645 иргэнийг тусгаарлан, шинжилгээнд хамруулж буй.

Тэгвэл Баянзүрх дүүргийн эмнэлэгт тусгаарлагдаж буй иргэд хэвлэлд мэдээлэхдээ “Одоогоор эмнэлгийн дотоод байдал хүнд байна. Хоол болоод ариутгал, цэвэрлэгээний асуудал маш тааруу. Арванхоёдугаар сарын 17-ны өдрөөс хойш эмчилгээг зогсоосон. Гэхдээ эмнэлгийн ажилтнуудыг буруутгахаас илүү үйлчлүүлэгч, өвчтөнүүд дотор хэнэггүй, бохир хүмүүс ч байна. Анх эмнэлэгт халдвар гараагүй байхад тасагт эмч нар нь өөрсдөө амны хаалтгүй явж байгааг хараад гайхаж байсан” хэмээн ярьсаар байна. Баянзүрх дүүргийн эмнэлгээс гадна мөн ХӨСҮТ-ийн дотоод орчны ариун цэврийн асуудал сүүлийн үед ихээр сөхөгдөх болоод байгаа юм.