ХӨСҮТ-ийн өвчтөнүүдийг Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг рүү шилжүүлж, эмчилгээний тасагт нь ариутгал хийнэ

ХӨСҮТ-ийн өвчтөнүүдийг Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг рүү шилжүүлж, эмчилгээний тасагт нь ариутгал хийнэ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХӨСҮТ-ийн коронавирусийн тасгийг суллан ариутгал хийж зохион байгуулалтыг өөрчлөх болсон талаар мэдээллээ.

Тэрээр "Коронавирусийн халдвартай 73 хүн одоо ХӨСҮТ-д байна. Тус эмнэлэгт 300 хүнийг авч эмчлэх боломжтой. Цэргийн төв эмнэлэгт 194 хүн байна, цаашид 240 хүн эмчлэх боломжтой. Яармагийн 300 орны багтаамжтэй эмнэлэгт 500 ор бэлдсэн ба энд 200 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор орны нөөц хангалттай байна.ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа халдвартай, хөнгөн хэлбэрийн хүмүүсээ 14 хоног болсны дараа эмчилгээний шинэ удирдамжийнхаа дагуу Яармагийн эмнэлэгт шилжүүлэн 7 хоног хэвтүүлнэ.

ХӨСҮТ-д хүнд болон хүндэвтэр 18 хүн байна. 14 хоногоос дээш болж байгаа хүн халдвар тараах эрсдэл бага байдаг. Тиймээс тэднийг Цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэхэд халдвар тараах эрсдэл бага гэсэн үг.

ХӨСҮТ-д коронавирусийн эмчилгээ хийгдэж байгаа тасгийг бүрэн суллаад улаан, шар, ногоон бүсжилтийг дахин тогтоох, эмнэлгийн ажилчдын орчинг, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах арга хэмжээг авна. Энд 11-12 сарын турш коронавирусийн халдвартай өвчтөнүүд тасралтгүй хэвтэн эмчлүүлсэн. Тиймээс ариутгал хийх, зохион байгуулалтын орчин нөхцөлийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Биеийн байдал нь хүнд болон хүндэвтэр хүмүүсээ Цэргийн төв эмнэлэг, бусад хөнгөн хэлбэрийн халдвартай хүмүүсээ Яармагийн эмнэлэг рүү шилжүүлнэ" гэлээ.