ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод шинээр 31 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод шинээр 31 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр “12 дугаар сарын 20-нд улсын хэмжээнд 5,969 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. 31 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бол нэг нь 12 дугаар сарын 19-нд Франкфуртийн онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тохиолдол 62 болж байна. Эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үйлчилгээ авсан иргэд халдвар авсан байгаа боловч иргэдийн оршин суудаг хаяг нийслэлийн дүүрэг бүрт байгаа юм. Тиймээс нэлээн өргөн хүрээтэй халдвар гэж ойлгож болно. Батлагдсан тохиолдлуудыг гэрийнх нь хаягаар ангилж харвал:

  • БЗД-т оршин суудаг 50
  • БГД-т оршин суудаг 2
  • Налайх дүүрэгт оршин суудаг 1
  • СХД-т оршин суудаг 2
  • ХУД-т оршин суудаг 1
  • Чингэлтэй дүүрэгт оршин суудаг 5 тохиолдол байна.

Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал 1,136 хүнийг илрүүлэн тандалт, шинжилгээ хийж байна. 

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй"