АНУ коронавирусийн эсрэг тэмцэлд ашиглах хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олголоо

АНУ коронавирусийн эсрэг тэмцэлд ашиглах хоёр дахь вакциндаа зөвшөөрөл олголоо

Биотехнологийн “Moderna” компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд АНУ-ын засгийн газар зөвшөөрөл олгожээ.

Долоо хоногийн өмнө тус улсын засгийн газар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд анхны зөвшөөрлийг олгож байв. Moderna-гийн вакцинаас 200 сая тунг авах гэрээг Вашингтоны эрх баригчид байгуулснаас 6 сая тунг шууд нийлүүлэх боломжтой байгаа аж.

Moderna-гийн вакциныг Цельсийн -20 хэмийн нөхцөлд хадгалах, тээвэрлэх боломжтой тул өмнөх вакцинаас илүү давуу талтай. Pfizer/BioNTech-ийн вакцины хадгалах нөхцөл -75 хэм тул түгээх ажилд хүндрэл гарч байгаа. Moderna-гийн вакциныг 28 хоногийн зайтай хоёр тун хийсний дараа хүнд дархлаа тогтдог.

Өмнөх вакциныг мөн хоёр тунг хийдэг ч хоорондын зай нь 21 хоног юм. Хоёр вакциныг хоёуланг нь уламжлалт бус аргаар буюу вирусийн генетик кодыг ашигладаг RNA технологиор бүтээжээ.

Эх сурвалж:ABC news




Өнөөдөр бар өдөр

31 минутын өмнө