БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэн үйлчлүүлж байсан нь батлагдлаа

2020-12-17 10:40

БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэн үйлчлүүлж байсан нь батлагдлаа

Баянзүрх дүүргийн IX хороонд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр орой мэдээлсэн. Тус эмнэлгийг шөнийн 23:55 цагийн үед цагдаагийн хамгаалалтад авч, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан юм. Тодруулбал, тус хорооны "Энх-Энэрэл" өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан нэг хүнээс түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар "Энх-Энэрэл" эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг "Өнөөдөр манай эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь үнэн. Тиймээс бид шинжилгээний хариу гарах хүртэл иргэдийг эмнэлэг дээр ирж үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан. Бид өөрсдөө энэ тохилдлыг илрүүлээгүй. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Харин зарим эх сурвалж "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан иргэнээс авсан түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан. Түүний ойрын хавьтлын 27 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Мөн тус эмнэлгийг тусгаарласан" гэсэн юм. ЭМЯ болон бусад албаны эх сурвалж уг мэдээллийг үгүйсгээгүй ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

2020-12-16 23:49

Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдвар илэрч, зарим иргэдийг тусгаарлаж эхлэв

Өнөөдөр /2020.12.16/-ийн 11 цагийн ЭМЯ-ны мэдээгээр коронавирусийн халдварын тохиолдол Сэлэнгэ аймагт нэг бүртгэгдсэн гэж мэдэгдсэн. 

Тэгвэл тус мэдээллийн дараа Баянзүрх дүүрэгт 18 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн гэх албан бус мэдээлэл гарсан. Мөн тухайн эмэгтэй нь аль нэг батлагдсан тохиолдлын хавьтал биш бөгөөд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна гэж зарим хэвлэлд онцолж буй. 

Үүнийг зарим эх сурвалжууд хүн амын дундаас халдвар илэрсэн байж болзошгүй байна гэж мэдээлж байна. 

Тэгвэл тус үйл явдалтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн эмнэлэгт хөл хорио тогтоож, ойрын хавьтал болох олон хүнийг цагдаа, онцгой байдлын алба хаагчид яг одоо тусгаарлаж эхэлсэн байна. Учир нь тус 18 настай эмэгтэй энэ сарын 11-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Энэ талаар албаны мэдээлэл одоогоор хараахан гараагүй байна. Иймд үйл явдлыг эргэн мэдээлэх болно.