БНХАУ сарны гадаргаас дээж авахаар өнгөрсөн сарын 23-нд роботжуулсан сансрын хөлгөө хөөргөсөн билээ. Хөлгийн гол зорилго нь сарны "Oceanus Procellarum" гэх тогооноос 2 кг сорьц цуглуулах байсан юм. Тэгвэл хөлөг орон нутгийн цагаар шөнийн 01.30 минутад Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дөрвөд хошуу хэмээх газар дээжийг амжилттай буулгажээ. Тус газарт Хятадын сансрын хөлгийн газардах талбай байрладаг аж. Одоогоор хөлөг сарнаас хэчнээн хэмжээний дээж цуглуулсан мэдээлэл тодорхойгүй байна. Сансрын багийнхан ойролцоогоор 2-2,4 кг дээж байгаа хэмээн таамаглаж байгаа юм байна.
Хятад улс энэ жил саран дээр тугаа байрлуулсан дэлхийн хоёр дахь улс болсон. Тодруулбал, “Chang'e-5” хөлөг сарнаас дээж авч эх дэлхий рүү буцахаас өмнө Хятад улсын туг саран дээр байрлаж буй зургийг илгээсэн юм.
Сарны хөрсийг судлах нь нарны систем болон дэлхийн талаар илүү ихийг мэдэх боломжийг хүн төрөлхтөнд олгож буй ч нөгөөтээгүүр дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны салбарын өрсөлдөөн болж байна. БНХАУ сүүлийн үед сансрын уудам дахь үйл ажиллагаандаа түлхүү төвлөрч ажиллаж байна. Тус улс өнгөрсөн онд анх удаа сарны алслагдсан хэсэгт хөлгөө буулгаж байсан бол энэ оны долдугаар сард Ангараг гараг руу анхны робот станцаа илгээсэн билээ. Тус улс 2022 онд дэлхийн тойрог замд байнга ажиллах өөрийн станцтай болохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: CNN
China's latest lunar mission has returned to Earth, carrying the first samples retrieved from the moon since 1976. https://t.co/p9Mve1xbu0 pic.twitter.com/X399yJbmOr
— SCMP News (@SCMPNews) December 17, 2020