Баянзүрх дүүргийн IX хороонд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр орой мэдээлсэн. Тус эмнэлгийг шөнийн 23:55 цагийн үед цагдаагийн хамгаалалтад авч, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан юм. Тодруулбал, тус хорооны "Энх-Энэрэл" өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан нэг хүнээс түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар "Энх-Энэрэл" эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг "Өнөөдөр манай эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь үнэн. Тиймээс бид шинжилгээний хариу гарах хүртэл иргэдийг эмнэлэг дээр ирж үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан. Бид өөрсдөө энэ тохилдлыг илрүүлээгүй. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Харин зарим эх сурвалж "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан иргэнээс авсан түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан. Түүний ойрын хавьтлын 27 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Мөн тус эмнэлгийг тусгаарласан" гэсэн юм. ЭМЯ болон бусад албаны эх сурвалж уг мэдээллийг үгүйсгээгүй ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.