ТОДРУУЛГА: Тусгаарлалтад байсан автобусны жолоочоос коронавирус илэрчээ

ТОДРУУЛГА: Тусгаарлалтад байсан автобусны жолоочоос коронавирус илэрчээ

Өнөөдөр /2020.12.15/ 11:00 цагт болсон Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр коронавирусийн халдвар Улаанбаатар хотод хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг халдварын тохиолдол батлагдлаа гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн хоёр халдварын нэг нь "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн жолооч байжээ. Тэрээр анх буюу энэ сарын 03-ны өдөр халдвар ирсэн “Автобус бааз"-ын жолоочийн нөгөө ээлжийн жолооч байсан гэх мэдээлэл байна. Иймд тэрээр хороололд байрлах нэр бүхий (тухаайн байгууллагын бизнесийн нэр хүндэд халдаж болзошгүй гэж үзэн тус газрын нэрийг нууцлав) зочид буудалд тусгаарлагдаж байсан бөгөөд давтан шинжилгээгээр хариу нь “эерэг” гарч, түүнийг өнөөдөр ХӨСҮТ-д шилжүүлсэн байна. Бид тухайн жолоочтой холбогдож дараах мэдээллийг авлаа.

-Сайн байна уу, таныг өнөөдөр зочид буудлаас ХӨСҮТ-рүү авч явсан юм байна. Хэзээ зочид буудалд тусгаарлагдсан юм бэ?

-Сайн, сайн байна уу. Тийм ээ, өнөөдөр ХӨСҮТ-д ирсэн. Анх бол арванхоёрдугаар сарын 4-нд тусгаарлагдсан.

-"Автобус нэг" ОНӨААТҮГ-ын "Ханын материал-Офицер" чиглэлд ажилладаг жолоочоос анх арванхоёрдугаар сарын 3-нд халдвар илэрсэн байдаг. Тэрний маргааш таныг ойрын хавьтал гэж үзэж тусгаарлалтанд оруулсан юм байна?

-Тийм ээ гэхдээ би тэр хүнээс халдвар авах боломжгүй. Яагаад гэвэл бидний ээлж зөрдөг. Тэр хүн оройн ээлжинд явдаг бол би өглөөн ээлжнийх гэх мэт. Тэр жолоочийн ойрын хавьталд дандаа нэг ээлжний, нэг чигт явдаг 40 гаруй хүн орж, тусгаарлагдсан. Би харин яагаад ганцаараа тэр хүмүүс дунд орж, ойрын хавьтал гэж тусгаарлагдсанаа ойлгоогүй.

-Та тэгэхээр өөрийгөө хаанаас халдвар авсан гэж бодож байгаа юм бэ?

-Би хаанаас халдвар авснаа огт мэдэхгүй, ойлгохгүй байна. Нөгөө ээлжний илэрсэн жолоочийн ойрын хавьтлуудаас илрээгүй байхад, би тэр хүнтэй огт ойртоогүй, эсрэг ээлжнийх байж яагаад халдвар авснаа мэдэхгүй байна. Өмнө нь бол халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж, ажилдаа явахдаа амны хаалт зүүж, бээлий өмсөж байсан. Хэрвээ авсан бол энэ буудлаас л авсан байх. Эндхийн ариун цэвэр тийм ч сайн биш, аяга таваг нь ч сайн ариутгагддаг юм уу мэдэхгүй.

-Таниас нийт хэдэн удаа шинжилгээ авсан бэ?

-Нийт дөрвөн удаа авсан байх аа. Өчигдөр ирж авснаа төхөөрөмж нь болохгүй байна ч гэлүү ахиж авсан. Тэгээд өнөөдөр ирээд эерэг гарсан гээд ХӨСҮТ-рүү авч явсан.

-Одоо танд илэрч байгаа шинж тэмдэг бий юу?

-Одоогоор бол сүртэй мэдэгдсэн зүйл алга. Би буудалд байж байхдаа нэг шөнө мартаад цонхоо онгорхой унтсан юм. Түүнээс болж даараад ханиад хүрээд, хамар шархираад байсан. Өөрийгөө ханиад хүрчихсэн гэж бодож байгаа. Өнөөдөр ахиад шинжилгээ авсан. Маргааш хариу нь ахиад гарна гэж хэлсэн. Надаас илэрсэн нь ахиад батлагдвал автобус бааз тэр чигээрээ л халдвар авсан байх.

гэсэн тайлбарыг бидэнд өглөө.