Цуврал алуурчны илгээсэн захидлыг 51 жилийн дараа “тайлж” уншжээ

Цуврал алуурчны илгээсэн захидлыг 51 жилийн дараа “тайлж” уншжээ

“Zodiac Killer” нэрээр алдаршсан цуврал алуурчны илгээсэн нууцлаг захидлыг 51 жилийн дараа программистууд тайлж чаджээ. Тус алуурчин нь 1968-1969 оны хооронд АНУ-ын Хойд Калифорнид 5 хүний аминд хүрсэн бөгөөд тухайн үед нууц захиа үлдээж байсан аж.

Захидал том үсгээр, цэг таслалгүй, хоорондын зайгүй, нууц кодоор бичигдсэн тул тайлж уншихад ихээхэн цаг хугацаа орсон байна. Алуурчин уг захидалд “Намайг барих гэж оролдохдоо та нар хөгжилтэй байгаа гэж найдаж байна. Телевизийн нэвтрүүлгээр гарсан алуурчин бол би биш.  Би хорт хийтэй камерт /цаазлах арга/ орохоос огт айхгүй байна. Би юунаас ч айхгүй байна. Учир нь би үхвэл диваажинд очих болно. Диваажинд надад үйлчлэх хангалттай боолууд байгаа” гэж бичсэн байжээ. Захидалд дурдсан телевизийн нэвтрүүлэг нь “Bay Area” гэх телевизийн "Жим Данбар Шоу" байсан юм. Тус шоунд алуурчны талаар дурдсанаас хоёр долоо хоногийн дараа уг захидал иржээ.

340 үсэг бүхий эн алуурчны захидлыг Виржиниа мужийн програм зохиогч Дэвид Оранчак, Бельгийн компьютерын программист Жарл Ван Эйкке, Австралийн математикч Сэм Блейк нар тайлсан байна. Тэд 2006 оноос хойш уг захидал дээр ажиллаж байгаа юм.

Захидлын эх хувь

Програм зохиогч Дэвид Оранчак “Энэ үнэхээр гайхалтай зүйл байсан. Бид үнэхээр цочролд орсон. Учир нь бид олон жилийн турш бүтэлгүйтсэн болохоор үүндээ дасчихсан байсан. Гэхдээ тус захидалд алуурчны хувийн мэдээлэл байгаагүй нь харамсалтай” гэжээ. Захидлыг тайлсны дараа тэд Холбооны мөрдөх товчоонд хүргүүлсэн боловч удирдлагууд нь зөвшөөрөл өгсний дараа захидлын талаар нийтэд мэдээлэх боломжтой гэжээ.  Үүний дараа мөрдөх товчооноос "Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул хохирогчид болон тэдний ар гэрийнхнийг хүндэтгэх үүднээс бид нэмэлт тайлбар өгөхгүй" гэж мэдэгдэл гаргажээ.

Эх сурвалж: CNN