Манай улсын эмч ажилчдын 1,9 хувь нь коронавирусийн халдвар аваад байна

Манай улсын эмч ажилчдын 1,9 хувь нь коронавирусийн халдвар аваад байна

Манай улсад дотоодод коронавирусийн халдварын нийт 454 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 21 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн 17 эмч ажилтан, Цэргийн төв эмнэлгийн дөрвөн ажилтан халдвар авчээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “12 дугаар сарын 8, 9, 10-нд ХӨСҮТ-ийн гурван ажилтан халдвар авсан. Эхний халдвар авсан хүн нь манай шуурхай арга хэмжээний багийн ариутгагч байсан. Тус ажилтан ажилбараа гүйцэтгэх явц буюу хамгаалалтын хувцсаа тайлах явцад алдаа гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа. Энэ хүний ойрын хавьтал 29 хүнийг тусгаарлаж хоёр удаа шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дараагийн хүн нь манай лаборант байсан. Энэ хүн тусгаарлалтад байгаа хүмүүсээс сорьц цуглуулах, лабораторид ирсэн сорьцыг дугаарлах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус ажилтан тусгаарлтаас гарч гэртээ очиж нэг хоносны дараа халдвар илэрсэн. Бид ойрын хавьтал 44 хүнийг тусгаарлаж шинжилгээ авахад халдвар илрээгүй. 

Гурав дахь хүн нь сүрьеэгийн тасгийн туслах сувилагч байна. Тус ажилтны онош 10-ны өдөр батлагдсан. Нийт гурван ажилтны ойрын хавьтал 94 хүнийг тусгаарлаж шинжилгээнд хамруулж байна. Одоогоор халдвар илрээгүй байна. ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий даяар нийт эмч нарын 14 хувь нь халдварт өртсөн байна. Энэ үзүүлэлт зарим оронд 35 хувьд хүрсэн. Манай улсын хувьд нийт эмч, ажилчдын 1,9 хувь нь халдварт өртсөн байна” гэв.