Оюутолгойн ажилчдыг Австралид хүргэсэн МИАТ-ын онгоц буцахдаа Монгол иргэдийг авч явахгүй гэсэн үү

Оюутолгойн ажилчдыг Австралид хүргэсэн МИАТ-ын онгоц буцахдаа Монгол иргэдийг авч явахгүй гэсэн үү

Хөл хорионы улмаас манай улс урт хугацаанд хилээ хаагаад байна. Харин эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу МИАТ компани тусгай үүргийн нислэг үйлдэж, эх оронд нь авч ирж байгаа юм. 

Харин энэ хугацаанд Оюутолгой компанийн гадаад ажилчдыг Австрали улсад хүргэх нислэгийг МИАТ компани хэд хэдэн удаа гүйцэтгэсэн. Ингээд тус онгоц Монгол руу буцахад нь Австралид байгаа манай улсын иргэд эх орондоо ирж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр /2020.12.12/ Оюутолгой компанийн ажилчдыг хүргэхээр МИАТ-ын онгоц Австрали Улсын Брисбанэ хот руу ниссэн байна.

Харин энэхүү онгоц буцахдаа тус улсад байгаа, эх орондоо буцах хүсэлтээ гаргасан 100 гаруй монгол иргэнийг авч явах боломж байгаа хэдий ч УОК-оос зөвшөөрөөгүй гэх албан бус мэдээлэл байна. Улмаар дөрвөн иргэнийг тус нислэг нууцаар авч явахаар тохиролцсон гэх мэдээлэл Австралид байгаа монгол иргэдийн дунд гарчээ. Иймд Австралиас буцах иргэдийн нэлээдгүй хэсэг нь Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр буцах болсон ба Японоос монгол руу буцах иргэдийн суудлаас авч байгаа гэх мэдээлэл байна. 

Сонирхуулахад, арван нэгдүгээр сарын 11-ны өдөр хатуу хорио тогтоосны улмаас тухайн сард үйлдэх байсан тусгай үүргийн нислэгүүдийг цуцалсан. Харин ирэх долоо хоногоос эхлэн дээрх цуцлагдсан нислэгүүдэд бүртгүүлээд байсан иргэдийг авч ирэх Франкфурт, Токио, Сөүл гэсэн чиглэлийн нислэгүүдийг үйлдэнэ гэж УОК-оос мэдэгдээд байгаа билээ.