ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 24 цагийн хугацаанд хийгдсэн шинжилгээг танилцууллаа.
Тэрээр “12 дугаар сарын 11-ний өдөр ХӨСҮТ-ийн гурав, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 17,529 хүнд PCR шинжилгээ хийсэн. Уг шинжилгээнээс нэг хүнээс коронавирус илэрсэн нь ХӨСҮТ-ийн нэг сувилагчийн шинжилгээ байна.
Бусад голомт буюу Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Ингэсэснээр дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 454 боллоо. Үүнд:
- Улаанбаатар хотод-138
- Сэлэнгэ аймагт-208
- Дархан-Уул аймагт-45
- Дорноговьд-31
- Орхон аймагт-25
- Говьсүмбэр аймагт-4
- Архангай аймагт-3 тохиолдол бүртгэгдээд байна.
Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 906 боллоо. Үүнээс эдгэрсэн 384, ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 32, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна.