Манай улсын Ханги хилийн боомтын гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Мандал боомтын гаалийн хяналтын талбай хүртэл нүүрсний тээвэрлэлт хийдэг 73 жолоочоос коронавирусийн шинжилгээг БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 09 /2020.12.09/ авахад “Нью ка**” ХХК /тухайн компанийн бизнесийн нэр хүндэд халдаж болзошгүй тул нэрийг нь нууцлав/-ийн жолооч Г-ийн шинжилгээний хариу “эерэг” гарсан байдаг.
Иймд өчигдөр /2020.12.10/-ны өдрийн 8:30 цагаас эхлэн Монгол Улс, БНХАУ-ын хил хоорондын ачаа тээврийг түр хугацаагаар зогсоогоод байсан юм.
Тэгвэл Г жолоочоос түргэвчилсэн оношлуураар авсан хариу “эерэг” гарсан байжээ. Иймд түүнээс PCR –ын шинжилгээ хийхэд хариу “сөрөг” гарсан байна. Иймд өчигдөр оройноос эхлэн Ханги боомтын нүүрсний экспортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн байна.