"АВТОБУС-1" БААЗЫН АЖИЛТАН: Бид хэд хоног тусгаарлагдахаа ч мэдэхгүй байна

"АВТОБУС-1" БААЗЫН АЖИЛТАН: Бид хэд хоног тусгаарлагдахаа ч мэдэхгүй байна

"Автобус нэг" ОНӨААТҮГ-ын хоёр жолоочоос коронавирус илэрсэнтэй холбоотойгоор нэгдүгээр хавьтлын 40 гаруй хүнийг “Амар” зочид буудалд тусгаарлаад байгаа юм. Эдгээр хүмүүсийн олонх нь тус баазын жолооч бөгөөд хоёр механик, дөрвөн инженер, нэг захиргааны ажилтан байна.

Тэднийг дөрөв, дөрвөөр нь нэг өрөөнд оруулсан бөгөөд  зутруу нөхцөл байдалд байлгаж буй тухай мэдээлэл байгаа юм. Энэ талаар бид эх сурвалжтай холбогдож тодруулахад “Хоол унд тааруу байна. Мөн ХӨСҮТ болон бусад холбогдох  газраас нэг ч хүн ирж бидэнтэй уулзаагүй. Мэдээлэл өгөхгүй байгаа нь биднийг бухимдуулж байна” гэсэн юм.

-МАШИНАА ГУДАМЖИНД ХАЯСАН. ТҮЛХҮҮРЭЭ ГЭРИЙНХЭНДЭЭ ӨГЬЕ ГЭХЭЭР ОГТ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА-

Мөн өөр нэг эх сурвалжтай холбогдож зарим зүйлийг тодруулж, ярилцлаа.

-Та бүхний нөхцөл байдал ямар байна?

-Өө яахав, хэвийн байна. Зурагт нь гардаггүй юм байна. Миний хувьд шууд ажил дээрээсээ тусгаарлагдсан. Өнөөдөр /өчигдөр/ эргэлт орууллаа. Солих хувцсаа авсан.

-Хэзээ тусгаарлагдсан бэ. Нийт 14 хоногоор тусгаарлана гэж та бүхэнд мэдэгдсэн байх. Тийм үү?

-Баазын ажилтнуудаас энэ сарын 04-ны шөнө шинжилгээ авсан. Тэр өдөр л тусгаарлагдсан. Хоёр жолоочоос коронавирус илэрсэн. Эхнийх нь бүр өмнө нь илрээд тусгаарлагдсан. Дараагийнх нь бидэнтэй хамт шинжилгээ авах үеэр илэрч мөн тусгаарлагдсан. Бидний хувьд яг хэд хоног тусгаарлагдахаа мэдэхгүй байна. Холбогдох хүмүүс ирж мэдээлэл огт өгөөгүй. PCR шинжилгээгээр биднээс коронавирус илрээгүй. Давтан шинжилгээ хийх байх гэж найдаж байна. Тэгээд гаргах болов уу.

-Ямар нэгэн эмчилгээ хийж байгаа юу?

-Ямар ч эмчилгээ хийгээгүй.

-Гараад ажилдаа орох уу эсвэл гэрийн ажиглалт руу шилжих үү?

-Яг яах талаар ямар ч мэдээлэлгүй байна. Зааварчилгаа өгөөгүй. Дахин шинжилгээ өгөх, үгүйгээ ч мэдэхгүй байна. Зурагтаар харахад л 14 хоног тусгаарлаж байгаа гэх юм байна шүү дээ. Тэгэхээр 14 хоног л тусгаарлах байх. Бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй.

-Гэнэт тусгаарлагдсан болохоор төлөвлөсөн ажилд тань өөрчлөлт орж хүндхэн нөхцөл байдалд оров уу?

-Төлөвлөсөн ажлууд бүгд цуцлагдсан. Машинаа гудамжинд цоожлоод орхичихсон. Тэр машин юу болж байгаа юм бүү мэд. Түлхүүрээ өгөөд гаргачихье гэхээр огт зөвшөөрөхгүй байна. Ариутгаад хэрэглэчихье гэсэн огт зөвшөөрөөгүй.

-НОК ХУРАЛДАЖ “АВТОБУС НЭГ” БААЗЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТОО АЖИЛЛУУЛАХГҮЙ ГЭЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

Тус баазад коронавирус илрэхийн өмнөх өдөр /2020.12.03/ осол болж хүний амь, нас эрсдсэн. Тэр асуудал шийдэгдээгүй байдал коронавирусийн хоёр ч тохиолдол тус баазад бүртгэгдэж нөхцөл байдал хүндхэн байгаа юм.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл /2020.12.07/ зогсоосон.

Энэ дагуу өнгөрсөн сарын 04-ээс тус баазын үйл ажиллагаа явуулдаг шугам замд автобус гаргахгүй өнөөдрийг хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, зорчигчдод үйлчлэх автобусны хүртээмж багассан гэсэн үг. “Автобус нэг” баазын хувьд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний 30 хувийг дангаараа бүрдүүлдэг гэсэн үг. Гэтэл энэ хугацаанд тэдний шугамд замд огт автобус нөхөж гаргасангүй. Хотын удирдлагуудын зүгээс “Автобус байхгүй” гэх шалтгааныг хэлж байгаа гэх.

Өчигдөр тус баазын шинэ удирдлагаар томилогдож Ц.Баттөр ажлаа хүлээлцэж авна гэж бужигнуулж автобусыг маргаашнаас /өнөөдөр/ явуулж эхлүүлнэ хэмээн ажилчдыг цуглуулж нэлээн цамнажээ. Гэтэл Нийслэлийн онцгой комисс  хуралдаж “Автобус нэг” баазыг энэ долоо хоногт ажиллуулахгүй гэж шийдвэрлэсэн байна.

-“АВТОБУС НЭГ” БААЗЫН АЖИЛЧИД: ШИНЭ ДАРГА ЗАГНАЖ, АМРАЛТЫН ӨДӨР ДУУДАЖ БУЖИГНУУЛЛАА-

Тус баазын ажилчид хэлэхдээ “Бид шинжилгээ өгөөд хариугаа албан бичгээр гардаж аваагүй. Тодорхой хугацаанд гэрийн тусгаарлалтад байхыг бидэнд зөвлөсөн. Гэтэл биднийг дуудаад амралтын өдөржин ажиллуулсан. Загнаж, зандчаад хэцүүхэн ааштай хүн ирж байх шиг байна” хэмээсэн юм. Тус баазын удирдлагаар томилогдож Ц.Баттөрийн хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр энэ жил сонгогдсон байна. Үүнээс өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байжээ. Тус байгууллага нь нийт 1000 гаруй ажилтантай бөгөөд бүгдээс нь шинжилгээ авсан. Анхны хавьтлын 40 хүнийг тусгаарласан бол үлдсэн нь гэрийн ажиглалтад байгаа  юм. Тэднээс коронавирусийн шинжилгээ авсан бөгөөд хариу нь албан ёсоор бичгээр ирээгүй байгаа аж.