Төв аймгийн Заамар суманд өчигдөр /2020.12.05/ орой долоон иргэн техникийн спирт хэрэглэж, нэг нь газар дээрээ нас барж, гурав нь сумын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амиа алдсан тухайн бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрээр “Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд архи уусан гэсэн асуумжтай долоон хүний талаар золгүй мэдээлэл ирсэн.
Үүнээс нэг хүн нь бичил уурхайд газар дээрээ, гурван хүн нь тус сумын Хайлааст багийн эмнэлэг дээр ирээд нас барсан.
Харин гурван хүн нь Улсын Нэгдүгээр эмнэлэгт эрүүл мэндийн тусламж авч байна. Нэг хүний биеийн байдал нь хүнд байна. Эдгээр хүмүүс архи уусан гэсэн асуумжтай боловч техникийн спирт хэрэглэсэн байна. Тиймээс орон нутагт уул уурхайн болон бусад салбарт ажиллаж, үүрэг гүйцэтгэж буй хүмүүст техникийн зориулалттай спирт уухгүй байхыг анхааруулъя” гэв.