Эрүүдэн шүүлтэд хамжигчаар оролцсон гэх Төв аймгийн хорихын ажилтанг цагдан хорьжээ

Эрүүдэн шүүлтэд хамжигчаар оролцсон гэх Төв аймгийн хорихын ажилтанг цагдан хорьжээ

-ЭРҮҮДЭН ШҮҮХ ЯВЦАД ХАМЖИГЧААР ОРОЛЦСОН, ХЭРЭГ НУУСАН ЗЭРЭГ ХЭРЭГТ ШАЛГАЖ БАЙНА-

Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж эрүүдэн шүүж ял оноосон гэх ноцтой асуудлыг олон нийтэд дэлгэснээс хойш өдгөө хуулийн байгууллагын удирдлагууд солигдож, хэрэгт хамааралтай олон хүнийг цагдан хорьсоор байна. Одоогийн байдлаар бусдад эрүү шүүлт үзүүлэх замаар хэрэг хүлээлгэж ял оноосон хэрэгт холбогдон гурван хүнийг цагдан хорьж байгаа.

Мөн дээр нь ТЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан гэх хэрэгт буруутган хошууч генерал Б.Хурцыг цагдан хорьсон билээ. Үүний дараахан дахин нэг албан тушаалтанг цагдан хорьсон тухай эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан Төв аймгийн хорих ангийн алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж улмаар ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа аж. Тус алба хаагчийг эрүүдэн шүүх ажиллагаанд хамжигчаар оролцсон байж болзошгүй, гэмт хэргийг нуун дарагдуулсан зэрэг хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Мөн ШШГЕГ дотоод хяналт шалгалт явуулж улмаар дээрх хэрэгт шууд хамааралтай оролцсон гурван албан тушаалтанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Харин эрүүдэн шүүсэн гэх бичлэгт гарснаар Төв аймагт байрлах хорих ангид тусгайлан бэлдсэн өрөөнд 476 өдөр тамласан байдаг. С.Зоригийн хэрэг үйлдсэн гэх Б.Содномдаржаа, Б. Чимгээ нарыг цагдан хорьсон даруйдаа хорих ангийн өрөөнд эрүүдэн шүүж байцаалт авч, ял тулгасан нь хуулийн байгууллагын шалгалтаар нотлогдсон хэмээн Хууль зүйн дотоод хэргийн сайд мэдээлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ: "Цагдаа дээр эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэсэн хоёр хэрэг шалгагдаж байгаа. Хуулиараа прокурор шинэ нөхцөл байдлын дүгнэлт гэж бичдэг юм. Тэрийг бичих байх. Тэгээд Улсын дээд шүүхээр орно. Шүүх дээр гурван асуудал хэлэлцэгдэх байх. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн асуудал. Хоёрдугаарт, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн асуудал. Гуравдугаарт, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хэрхэн вэ гэдэг асуудал.

Ийм л процедураар цааш явна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг шүүхээр л шийднэ.  Тэднийг сулласны дараа хэлмэгдэж, хилсээр шийтгэгдсэн бол хохирол нөхөн төлөх асуудал яригдана. Гэхдээ төлж чадахгүй юм гэж бий. Тэдгээр хүмүүсийн амьдарлын дөрвөн жилд учирсан гай зовлонг ямар ч үнээр төлж чадахүй. Зөвхөн 2-3 хүн хохирч байгаа асуудал биш цаана нь үр хүүхэд, эцэг эх, удам сударт нь муу нэр үлдэж байна.  Эрүүдэн шүүсэн хэрэгт яг өнөөдрийн байдлаар гурван хүн хоригдож, шалгагдаж байна. Цаашдаа нэмэгдэх байх. Хариуцлагад татагдах хүмүүс нэмэгдэнэ" гэж байв.




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө