Я.Содбаатар: Иргэдийг хотоос гаргах эцсийн шийдвэр гараагүй байна

Я.Содбаатар: Иргэдийг хотоос гаргах эцсийн шийдвэр гараагүй байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудыг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулж  байна. 

Тэрээр энэ үеэрээ “Улаанбаатар хотод гацсан болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн мэдээллийг аваад дуусч байна. Иргэдийг хөдөө орон нутаг руу явуулах түр журам бэлэн болон. Мөн иргэдийн хөдөлгөөнийг хянах аппликейшн бэлэн болсон. Гэхдээ иргэдийг хотоос гаргах эцсийн шийдвэр гараагүй байна.

Өнөөдөр төмөр зам дагасан халдвар таван аймагт гарч, эрсдэл маш өндөр байна. Улаанбаатар хотод ч халдвар нэмэгдэж байгаа энэ үед хотод түгжигдсэн иргэдийг шууд хотоос гаргавал 21 аймагтаа халдварыг алдах, тархаах өндөр эрсдэлтэй юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт хөдөө орон нутгаас ирсэн 27169 иргэн байна. Улаанбаатар руу ирэх хүсэлтэй 11 мянга гаруй иргэн байна.

Хөдөө орон нутгийн иргэдэд бүртгэлийнх нь дагуу хаана шинжилгээ өгөх вэ гэдэг тодорхой мэдээллийг өгнө.  Үүнтэй холбоотой судалгаа мэдээлэл хийгдэж байна. Хөдөө орон нутаг руу иргэдийг хүргэхдээ нэг автобусанд 12-15 хүн явна. Тиймээс маш нарийн зохион байгуулалтыг хийж байна. Яг одоогоор чөлөөтэй хөдөлгөөн хийх мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл гараагүй байна. Улаанбаатар хотын голомтыг бүрэн хяналтдаа авсны дараа хөдөө орон нутгийн иргэдийн асуудлыг шийднэ. 119.mn гэсэн аппликейшнд бүх нарийвчилсан мэдээлэл орно. Яаж бүртгүүлэх, иргэд хаанаас хаа хүрч байгаа, ямар унаанд сууж, хаана буусан, хэнтэй харьцсан гээд бүгдийг нь хянах боломжийг бүрдүүлнэ. Иргэд явахаасаа өмнө шинжилгээ өгнө. Улаанбаатар 102 цэгт шинжилгээ авч байгаа бөгөөд аппликейшнаар хаана шинжилгээ өгөхийг нь мэдээлнэ. Тэрнээс өмнө хаа хамаагүй газар очиж шинжилгээ өгөхгүй. Шинжилгээний дүн 24 цагийн хугацаанд хүчинтэй учраас нарийн зохион байгуулалттайгаар шинжилгээ өгөх цаг, газрыг иргэдэд мэдээлнэ” гэлээ.