“Франкфурт-УБ” нислэг гэнэт цуцлагдаж, Европ дахь Монгол иргэд хүнд байдалд оржээ

“Франкфурт-УБ” нислэг гэнэт цуцлагдаж, Европ дахь Монгол иргэд хүнд байдалд оржээ

Энэ сарын 11 ны өдөр манай улс дотооддоо коронавирусийн халдварыг алдсан тул чанга хатуу хөл, хорио тогтоосон. Мөн гадаадын орнуудаас иргэдээ авч ирэх байсан тусгай үүргийг нислэгүүдийг гэнэт цуцалсан. Иймд эх орондоо ирэхээр билетээ бичүүлж, ажлаасаа гарч, амьдарч байгаа орон байраа хүлээлгэж өгөөд байсан Европ дахь манай иргэдийн байдал хүнд байдалд орсон байна. 

Иймд тэд манай редакцад хандаж УОК-д хаягласан хүсэлтээ уламжилж өгөхийг хүссэн юм. Тэд энэхүү хүсэлтдээ “энэ сарын 19 ны өдөр Франкфуртаас Монгол руугаа нисэхээр төлөвлөж, ажлаас өгч, байрнаасаа гарсан байсан тухайгаа дурдаад. Бид бүгд байгаа газраасаа шинжилгээ хийлгэж очоод, тусгаарлалтын дэглэмийг чанд сахих тул халдварын голомтод өдийг хүртэл тэсч үлдсэн цөөхөн хэдэн монголчуудаа татаж авахыг гуйя” гэжээ.

ФРАНКФУРТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ ГЭНЭТ ЦУЦЛАГДАЖ, ЕВРОП ДАХЬ МОНГОЛ ИРГЭД ХҮНД БАЙДАЛ ОРСОН ТУЛ ЭНЭХҮҮ НИСЛЭГЭЭ ДАРУЙ СЭРГЭЭЖ ӨГӨХИЙГ УОК-ООС ГУЙЖЭЭ-

УОК-Т ГАРГАСАН ХҮСЭЛТДЭЭ:

“Монгол улсад үүсээд буй нөхцөл байдал болон COVID-19 цар тахлаас шалтгаалан авч  хэрэгжүүлж буй ажлуудын талаар шадар сайд 11 сарын 13-ны өдөр олон нийтэд хурлын тайлангаа тайлагнах үедээ 11 сарын 19-ны Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг үйлдэхгүй болсон тухай гэнэт мэдэгдсэн. 

Энэхүү гэнэтийн мэдэгдлээс шалтгаалж Европын 28 орноос сардаа ганц удаагийн тус нислэгт багтаж нэрсээ баталгаажуулсан иргэд амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн байдлаараа хохироход хүрлээ. 

Өвчлөл өдөр бүр ихсэж, улс орнууд яаралтай үеэс бусад үед гэрээс гарахгүй байх захирамж гаргасан тул ажиллах боломжгүй, нислэгт багтаж байраа хүлээлгэн өгсөн нь байрлах газаргүй, бичиг баримтны хугацаа дууссан хүмүүс, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс, хөгшин настай, хагалгаа эмчилгээний журмаар ирсэн өвчтэй хүмүүс маань олон орны хилийн зааг дээр гацах аюулд тулаад байна. 

Монгол улсдаа бий болсон гэнэтийн нөхцөл байдлыг ухамсарлан ойлгож байгаа ч нэрсээ баталгаажуулаад явахаар төлөвлөсөн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрх эрх чөлөө нь ноцтой зөрчигдөж магадгүй байдалд хүрээд байгаа тул анхааралдаа авч 11 сарын 19-ны тусгай үүргийн нислэгийг төлөвлөсөн өдөрт нь үйлдэж өгнө үү” гэжээ.