Д.Нарангэрэл: Дарханд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын 62 хүнийг тусгаарлалаа

Д.Нарангэрэл: Дарханд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын 62 хүнийг тусгаарлалаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 11:00 цагийн мэдээллээс хойш Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 435 болжээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт гарсан сэжигтэй тохиолдлын нарийвчилсан шинжилгээний хариу эерэг гарчээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дархан-Уул аймгийн тохиолдлыг анх түргэвчилсэн оношлуураар шинжилж, эерэг гарсан тул PCR шинжилгээг хийж, баталгаажуулсан. Түүний ойрын хавьтал 62 хүнийг тогтоон тусгаарлаад байна. Үүнтэй холбоотойгоор нийслэл хот, Дорноговь, Налайх, Говьсүмбэр аймгуудад тандалт судалгааг эрчимжүүлэн хийж байна. Мөн тус батлагдсан тохиолдолтой холбоотойгоор тус аймгийн төмөр замын байгууллагуудаар тандалт, судалгаа хийж байгаа.

Нийслэл хотын 18 оношилгооны цэг болон Өрхийн Эрүүл мэндийн төвд түргэвчилсэн оношилгоонд хамруулж байна. Одоогоор 6,764 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна. Сайн дурын шинжилгээ өгөхийн тулд иргэд утсаар цаг авах ёстой. Манай улсад түргэвчилсэн оношлуур хангалттай байгаа тул иргэд яарч сандрах шаардлагагүй" гэж мэдээллээ.