А.Амбасэлмаа: “Энхсаран” сувилалаас халдвар илрэхээс өмнө гарсан 6 жолоочийг тусгаарласан

А.Амбасэлмаа: “Энхсаран” сувилалаас халдвар илрэхээс өмнө гарсан 6 жолоочийг тусгаарласан

“Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан 45 хүн /өнөөдөр бүртгэгдсэн үйлчлэгчийг оруулан тооцоход/ коронавирусийн халдвар аваад байна. Тэгвэл тус сувилалд анхны тохиолдол хэзээ бүртгэгдсэн,хийгээд өмнө тусгаарлалтаас гарсан хүмүүсийг олж, тандалт шинжилгээ хийсэн эсэх нь тодорхойгүй байсан юм.

Эдгээр асуудалд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариу өглөө. Тэрээр “Энхсаран сувилалд арваннэгдүгээр сарын 7-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол бүртгэгдэж, бид багц шинжилгээ хийхэд 24 тохиолдол илэрсэн. Тиймээс 61 хүнийг “Энхсаран” сувилалаас  Халдвартын клиник руу шилжүүлж, тусгаарласан. Тусгаарлалтад байсан учир хугацаа алдаагүй. 11-р сарын 6-аас өмнө 14 хоногийн дотор тухайн сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүсийг мөрдөхөд зургаан тээврийн жолооч байсан. Тэдгээрээс гурван жолооч нь Улаанбаатар хотод, харин гурав нь Сэлэнгэ, Орхон, Өмнөговь аймагт байсан. Тэдгээр хүнийг байгаа газруудад нь тусгаарласан. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэв.