Д.Мөнхбат: Бид хоёр хоол тарааж байсан хүнээс халдвар авсан байх магадлалтай

2020-11-15 14:49

Д.Мөнхбат: Бид хоёр хоол тарааж байсан хүнээс халдвар авсан байх магадлалтай

Иргэн Д.Мөнхбат өчигдөр өөрийн цахим хуудсаар "БНСУ-аас коронавирусын халдваргүй ирсэн ч Энхсаран сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан" тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр “Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөж халдвар тархсан байх магадлалтай бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй хүн халдвар авч ХӨСҮТ-д хүргэгдэн ирээд байна” гэсэн юм. Бид иргэн Д.Мөнхбаттай утсаар холбогдож ярилцлаа.

-ЭНХСАРАНД ЧӨЛӨӨТЭЙ ЯВДАГ БАЙСАН ГЭДЭГ НЬ ХУДАЛ. БИД ТЭМЦЭЖ БАЙЖ ХӨСҮТ-Д ИРСЭН-

-Сайн байна уу та. Таны биеийн байдал хэр байна?

-Ерөнхийдөө дажгүйдээ. Коронавирустэй хүмүүст илэрдэг бүхий л шинж тэмдэг илэрсэн. Би Солонгост нэг жил гаруй болж байгаад ирж байгаа юм.

-Таны хамар их битүүрч, ярихад төвөгтэй байгаа юм шиг сонсогдож байна?

-Харин тийм. Хамар таг битүү. Үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдсан. Халуунтай, хамар битүүрсэн, бага зэргийн ханиалгатай байна. Зохих эмчилгээг хийлгэж байгаа болохоор давгүй дээ.

-Та БНСУ-аас хэзээ ирсэн бэ?

-Би өнгөрсөн аравдугаар сарын 19-ны өдөр БНСУ-аас ирсэн. Биднийг Монголика гэх зочид буудалд буулгасан. Энэ зочид буудалд нэг өрөөнд 5 болон 9 хүнийг оруулж тусгаарлах гээд байсан. Тийм учраас бид эсэргүүцэж “Ийм олуулаа тусгаарлагдахгүй” гээд төр шөнөө 26 хүн үүдэнд нь хоносон. Үүний дараа буюу 20-ны өдөр Энхсаран сувилал руу тусгаарлагдаж ирсэн.

-МАНАЙ ӨРӨӨНИЙ ХҮН БИД ХОЁР ХООЛ ТАРААЖ БАЙСАН ХҮНЭЭС НЬ ХАЛДВАР АВСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

-Энхсаранд ирээд өрөөндөө хэдүүлээ орсон бэ?

-Өрөөндөө хоёулаа орсон. Арваннэгдүгээр сарын 09-ны өдөр хүртэл тусгаарлагдах байсан. Солонгосоос ирсэн өдрөө шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан. Энхсаран сувилалд байхдаа гурван удаа шинжилгээ өгөхөд бүгд сөрөг буюу коронавирусгүй гэж гарсан. За ингээд 11 сарын 09-нд гарахаар болж “Гэрээсээ хүн дуудаарай” гэж зохион байгуулж буй хүмүүсээсээ мэдэгдэж байлаа. Гарахаар болж найзыгаа дуудчихсан  байж байтал гаргаагүй. Тэр өдөр нэлээн хүлээцтэй байж хүлээсэн. Дараагийн өдөр нь тусгаарлагдаж эхэлснээс хойшхи 22 дахь өдөр байлаа. Тусгаарлалтын дэглэмээ сахисан байхад яагаад гаргахгүй байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй. Тайлбар авахыг хүссэн ч өгөөгүй. Бид нарыг Энхсаранд байх 18, 19, 20 дахь өдрүүдэд хажуугийн өрөөний хүмүүсийг сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-рүү аваад явсан байсан. Тэр хүмүүсийг авч явахад л бид Энхсаранг голомт болсныг мэдсэн. Ингээд 10-ны шөнө өөрсдөө шаардлага тавьж ХӨСҮТ-д ирсэн.

-Та бүхэн өөрсдөө ХӨСҮТ-рүү явах шаардлага тавьж байж ирсэн юм уу?

-Тийм. Энхсаранд удах тусам аюултайг бид мэдсэн. 22 дахь хоног дээр SWAT гэсэн машинтөй хүмүүс ирж “Та нарыг наана чинь дахин 14 хоног байлгана” гэж цагаан хоолойгоор хэлээд л яваад өгсөн. Ямар ч тайлбар өгөөгүй. Тиймээс бид тэмцлээ өрнүүлж, “Энд голомт байна” гэж цахим орчинд хэлж, ярьж байж ирсэн. Биднийг тэнд 14 хоног хорих гээд байсан. Халдварласан газарт байж болохгүй шүү дээ.

-БИДЭНД ХООЛ ТАРААДАГ БАЙСАН ЭГЧ ХАЛДВАР АВААД ХӨСҮТ-Д ИРСЭН БАЙНА-

-Энхсаранд байхдаа яг хэнээс, хэзээ  халдвар авсан байх магадлалтай гэж та үзэж байгаа вэ?

-Манай өрөөний залуу бид хоёр өрөөнөөсөө огт цухуйдаггүй байсан. Энхсаранд хүмүүс дотроо чөлөөтэй явдаг тохиолдол огт байхгүй. Камерын бичлэгээр нотлох хэрэгтэй. Миний хувьд өрөөндөө душтэй байсан. Нийтийн халуун усны газарт нь огт ороогүй.

Бид хоёр хоол тарааж байсан хүнээс л авсан байх гэж хардаад байгаа юм. Бидэнд хоол тарааж байсан эгч маань  халдвар аваад ХӨСҮТ-д ирсэн байна. Энэ талаар огт ярихгүй байгаа  юм. Энхсаран сувиллын ажилчдаас вирус илэрсэн талаар огт ярихгүй  байгаа биз дээ.

-Энхсаран сувилалд УОК-ын ажилчид байсан уу?

-Тэнд УОК-ын ажилчид бараг байхгүй. Буудлын ажилчид л байсан. Тэд ажиллах горимынхоо талаар сайн мэдэхгүй шүү дээ.  

-Буудлын ажилчид нь халдвар хамгааллын зориулалтын хувцас хэрэгсэл өмсдөг байсан уу?

-Ер нь бол өмсөнө. Гэхдээ өдөр бүр сольж цэвэрлэж байгаа гэдэг нь бүрхэг юм.

-Энхсаран сувиллыг дундаа нэг душтай, хулгана гүйсэн, их бохир гэх шүүмжлэл байсан. Бодит байдал ямар байсан талаар та мэдээлэл өгнө  үү?

-Үнэн. Хулгана гүйж байгаа бичлэг нь надад бий. Хулгана явж байна гэдэг нь ойлгомжтой шүү дээ.  Маш бохир. Эрүүл ахуйн наад захын хамгаалалгүй байж вирус хамгааллын дэглэм сахиж чадахгүй нь ойлгомжтой.

Би хулганы хоронд хордоод ирсэн. Коронавирусийн эмчилгээний хажуугаар хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Тууралт гарсан.  Энх бүхнийг нуугаад байгаа нь ноцтой юм. 

-УОК болон Эрүүл мэндийн яамныхан энэ мэдээллээ нууцлаад байна. Анхнаасаа хатуу, хяналт тавиагүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж та шүүмжлээд байгаа шүү дээ?

-Эдгээр тухай  мэдээллийг нууцалж байна гэдэг нь цаашдаа энэ хүмүүст итгэх итгэлийг үгүй хийж байгаа юм. Энэ хүмүүс мэдээллээ нууж статусаа авч үлдэх гээд үндсэн ажилдаа анхаарахгүй байна. Халдвар хамгааллын дэглэмийг алдаад дуусгахаа алдлаа шүү дээ.

-Та жолооч Д тэй хамт тусгаарлагдаж байсан юм билээ. Тэр хүнтэй хологдож үзсэн уу?

-Би тэр залуутай холбогдсон. Би “Чи өрөөгөөр явж тэнэсэн юм уу” гэж асуухад “Би тэгээгүй. Намайг ирчихээд хоёр хонож байхад нэг залуу нэмж оруулж ирсэн. Тэр жолооч халдвартай  байсан” гэж ярьсан. Дотроосоо халдвар авсан. Хоёр дахь хүнийг оруулж ирээд л халдвар авахуулсан байгаа юм. Угтаа бол нэгээр нь тусгаарлах ёстой байсан. Нууц үедээ шинжилгээгээр гараагүй. Тэгээд л тусгаарлалтаас гараад явчихсан байгаа юм. Тэр залууд огт буруу байхгүй.

-БИ ЭНХСАРАН СУВИЛАЛД ХУЛГАНЫ ХОРОНД ХОРДОЖ ИРЭЭД ХОРДЛОГО ТАЙЛАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН-

-Таньтай хамт Энхсаранд тусгаарлагдаж байсан залуу одоо мөн ХӨСҮТ-д исрэн байна уу?

-Тийм. Надтай цуг байна. Өрөөндөө гурвуулаа  байна.

-Одоо наана чинь нөхцөл байдал ямар байна. Хоол унд болон эмчилгээ ямар байна вэ?

-Эмч нар эмчилгээг их сайн хийж байна. Халуун буурч, биеийн байдал дээрдсэн. Хамгийн их хохирч буй хүмүүс эмч, сувилагч нар юм.  Дарга нар бодлогогүй, шинжлэх ухаанч бус шийдвэр гаргаж, тушаал өгдөг. Нэг зүйлийг тууштай сахиж хамгаалах нөхцлийг бүрдүүлж өгдөггүй. Тэгсэн мөртлөө тушаал өгч, шаардлага тавьдаг. Тэгээд нөхцөл байдал хүндрэхээр хаагаад, хорьчихдог. Үүнийг л би шүүмжлээд байгаа юм. Энд хоол унд муу байгаа. Гэхдээ би эмнэлгийн үйл ажиллагааг шүүмжлэхгүй. Энэ хүмүүс эрвийх, дэрвийхээрээ зүтгэж байна. Эмнэлгийн ажилчдад гомдолгүй. Нэгэнтээ туссан учраас даваад л гарна.

-Энхсарангаас нийт хэдэн хүн ирээд байна вэ?

-Албан бус тоогоор буюу  бидний баримжаагаар 20 гаруй хүн ирсэн. Автобусанд 18-19 хүн ирсэн. Өөрсдөө бүртгээд үзэхээр л 20 гаруй хүн болоод байгаа юм.

-Таны хувьд албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж л өөрийгөө ил болгон мэдээлэл хийж, нэр, нүүрээ ил гаргасан. Иргэний зориг гаргаж хувийн мэдээллээ ил болгох өөр ямар шаардлага байсан бэ?

-Эрх бүхий албан тушаалтан, удирдлагууд шинжлэх ухаанч бус шийдвэр гаргаж байна. Иргэдэд мэдээллээ ил тод мэдээллэхгүй байна. Бурууг өөрсдөөсөө бус бид нараас хайж байна. Бид нарыг гадаадаас вирустэй ирсэн гэж ярьж байна.

Түүний оронд “Бид хариуцлага алдсан байна. Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн. Ариутгал халдваргүйтэл хийж байна. Уучлаарай. Яаралтай арга хэмжээ авч байна” гэж хэлбэл өөр шүү дээ. Тэгэхгүйгээр 29 настай залуу Энхсаран сувиллаас халдвар аваад тоглолт үзэж тараагаад гэж ярихаар юу болох юм. А.Амбасэлмаа гуай 27 дахь хоног дээрээ нууц үе нь байдаг, илэрлээ гэж яриад байна. Ийм удирлага байж болох уу. Шинжлэх ухаан ч бус юм ярьж хүмүсийг айдаст автуулж байна. Хүмүүст бид сэрэмжлүүлж хэлэхгүй бол эд нар нуугаад  хаачих юм байна. Би өөрийгөө золиосолж бүх мэдээллээ ил болгосон. Энэ өвчнийг хохирол багатай даван туулах юмсан гэж л ийм үйлдэл гаргасныг минь ойлгоорой. Түүнээс улс төржүүлж хэн нэгнийг албан тушаалгүй болгох бодолгүй шүү. Би харц ардын хүүхэд, энгийн л иргэн.

2020-11-14 20:56

Д.Мөнхбат: “Энхсаран” сувиллын газраас 20 гаруй хүн халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байна /LIVE/

Манай улсад коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, хөл хорио тогтоогоод байна. Харин тус вирусийн халдварыг “Энхсаран” сувиллын газраас 20 гаруй хүн авч ХӨСҮТ-д эмчлүүлж байна хэмээн Д.Мөнхбат гэх иргэн өнөөдөр /2020.11.14/ facebook хуудастаа мэдэгдэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: