УОК: Халдвар авсан сувилагч иргэдтэй харьцаагүй тул ямар ч хөл, хорио тогтоохгүй

2020-11-07 14:05

“Коронавирусээр өвчилсөн сувилагч ХӨСҮТ-д ажиллаж байхдаа халдвар авсан эсэхийг шалгаж байна”

ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагчаас тусгаарлалтын 12 дахь хоног дээр нь халдвар илэрсэн талаар өчигдөр /2020.11.06/ ЭМЯ мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ талаарх тодруулгыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өглөө. Тэрээр “Сувилагч ХӨСҮТ-д ажиллаж байхдаа халдвар авсан эсэхийг  шалгаж байна. Тус сувилагч наймдугаар сард Солонгосоос ирж, ажилдаа ороод нэг сар болсон. Үнэхээр ажлаа хийж байгаад халдвар авсан эсэхийг шалгаж байна. Одоо камерын шалгалт хийж байна.

Түүнчлэн цахим сүлжээнд “өнгөрсөн онд манай оронд ханиад томуу хүнд хэлбэрээр тархсан нь коронавирус байсан уу” гэсэн хардлага бүхий мэдээлэл яваад байна. Бид томуугаар өвчилж байсан 6 мянган хүнд тандалт судалгаа хийхэд коронавирус илрээгүй. Цаашид мөн тандалт судалгаа хийх болно.

Дээр нь иргэд өөрсдөө ухамсартай байх ёстой. Зөрчлийн тухай хуулиар худал мэдээлэл тараавал хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Нийгмийн сэтгэлзүй тайван байх ёстой. Худлаа, иргэдийг цочирдуулсан мэдээлэл тарааж болохгүй гэдийг анхааруулъя" гэв. 

 

2020-11-07 13:35

УОК: Халдвар авсан сувилагч иргэдтэй харьцаагүй тул ямар ч хөл, хорио тогтоохгүй

УОК өнөөдөр 10:00 цагаас эхлэн хуралдсан.  Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг яг одоо танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар "УОК-ын ээлжит хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн. Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаатай хаасан. Энэ боомтуудыг гарагийн зохицуулалттай нээх тодорхой үүрэг, чиглэлүүд өгөөд байна. Иргэдэд хандаж үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээн, боловсролын байгууллагуудад амны хаалт заавал зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байна. 

Хүнсний хангамж нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Ургац хураалт 95 хувьтай, өвлийн мах бэлтгэлийн ажил эхэлж байна. Ирэх 7 хоногт хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зарим шийдвэрийг гаргана. Өнөөдрийн байдлаар хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Цаашдаа эрсдэл нөхцөл үүсэх, дотроо халдвар тархсан нөхцөлд ямар байх талаар хэлэлцэж шийдлээ.

ХӨСҮТ-д халдвар авсан сувилагч эмнэлгээс гарч энгийн иргэдтэй харьцаагүй. Манай улсад дотооддоо коронавирусийн халдвар тархаагүй тул УОК ямар нэгэн хөл хорио, хязгаарлалт тавьсан талаар шийдвэр гаргаагүй.

Сэлэнгэ аймагт нөхцөл байдал амаргүй байна. Учир нь хойд хөршид өвчлөл, нас баралт огцом нэмэгдсэн. Тиймээс хоёр сайдаар ахлуулсан ажлын хэсэг тэнд ажиллаж байна. Сэлэнгэ аймагт Сүхбаатар болон Алтанбулаг боомт байдаг. Сүхбаатар боомт хэвийн ажиллана. Алтанбулагийн боомтоор нийт импортын 9,2 хувь орж ирж байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн харьцангуй бага орж байна. Тиймээс хүндрэл багатайгаар эрсдэлийг бууруулах бодолтой байна. 

Сүүлийн өдрүүдэд өдөр болгон ковидын тохиолдол илэрч байна. Тиймээс Алтанбулагт карантины бүс тогтоосон. Орж ирж байгаа жолооч нарыг 72 цагийн дотор шинжилгээнд хамруулах ёстой байгаа ч тэр болгон чадахгүй байна " гэлээ. 

 




Өнөөдөр нохой өдөр

13 минутын өмнө