Өнөөдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "2020 оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1,068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний сорьцод коронавирус илэрлээ.
Тухайн дөрвөн тохиолдлыг танилцуулбал:
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэд,
- Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн буюу 19 настай эрэгтэй
- Харин 4 дэх тохиолдол нь COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Дөрөв дэх тохиолдлын хувьд коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг. Тэгвэл тухайн сувилагч ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа аван ажиглалтыг үргэлжлүүлж байна" хэмээн хэллээ.
Ийнхүү Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 нь эдгэрсэн бөгөөд тандалт ажиглалт нь дууссан 310 хүн байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлэгдэж байна. Өвтөнүүдээс 4 хүний биеийн байдал хүндэвтэр, 37 хүний биеийн байдал хөнгөн байгаа талаар мэдээлсэн юм.