Цар тахал гарч манай улс хилээ хааснаас хойш ОХУ-аас ирэх иргэдээ Алтанбулагийн боомтоор татаж Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудад тусгаарлаад байгаа билээ. Харин Дархан-Уул аймагт иргэдийг тусгаарлах үүрэг гүйцэтгэж байсан зочид буудлууд гэрээгээ цуцалснаас тус аймагт иргэдийг тусгаарлах боломжгүй болсон талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.
Бид энэ талаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч О.Дулмаагаас тодрууллаа.
-Сайн байна уу, Дарханд ямар ямар буудлуудад иргэдийг тусгаарлаж байсан юм бэ?
-Сайн байна уу, Дархан, Хараа, Рояал болон Эс энд Би гэх буудлуудад иргэдийг тусгаарлаж байсан.
-Одоо тэдгээр буудлууд бүгд гэрээгээ цуцалсан гэсэн?
-Тийм ээ, буудалд 21 хоног тусгаарлагдаж буй иргэд буудлын эд зүйлсд хайр гамгүй хандсанаас үүдэн ийм шийдвэр гаргасан гэсэн тайлбар өгч байсан. Тухайлбал, буудлын ор, сандал ширээ, хөшиг зэргийг нь тамхины ишээр түлэх, цахилгааны эвдрэл гэмтэл үүсгэсэн зэрэг асуудлуудыг тус буудлын удирдлагуудын зүгээс ихээр хэлж байсан. Зарим цагаан хэрэглэлүүдийг нь дахин ашиглах боломжгүй болгосон тохиолдол байгаа гэсэн.
Мөн хорио цээрийн дэглэм цуцлагдаж иргэд буудлаар үйлчлүүлэх нь чөлөөтэй болсон тул тэд тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд байх иргэд биш энгийн иргэдээ авахыг илүүд үзэж эхэлсэн байх. Мэдээж нэг хоноод гарах иргэд буудалд хохирол учруулах нь бага шүү дээ. Дээрээс нь зарим иргэд мөнгөө төлөлгүй гарч их өр үүсгэдэг гэсэн. Тэгэхээр тус буудлууд нь зарлага ихтэй, ашиггүй ажиллаад байна гэсэн шалтгаан бас бий.
-Одоо Дарханы нэгдсэн эмнэлэгт л тусгаарлах боломжтой болсон гэсэн үг үү?
-Тийм ээ, Халдвартын тасагт л тусгаарлана. Гэхдээ эмчийн хяналтанд зайлшгүй байх ёстой эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг л хүлээн авах юм.
-Халдвартын эмнэлэгт нийт хэдэн хүн тусгаарлах хүчин чадалтай вэ?
-Нэг өрөөнд нэг юм уу хоёр хүн гэж бодоход 17-22 хүн тусгаарлах боломжтой.
-Одоо хэдэн хүн Дарханд тусгаарлагдаж байгаа вэ?
-Одоогоор тусгаарлагдаж байгаа хүн байхгүй. Өчигдөр орж ирсэн 70 гаруй хүнийг шууд Улаанбаатарт аваачиж тусгаарласан гэсэн.
-Ярилцсанд баярлалаа.