ЭМЯ: Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

ЭМЯ: Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас “Ковид-19” цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн хоёр өдөрт дөрвөн лабораторид нийт 1,053 хүний сорьцод шинжилгээ хийхэд, нэг хүнээс коронавирус илэрчээ. Халдвар илэрсэн хүн нь аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 35 настай эрэгтэй, Монгол Улсын иргэн аж. Тухайн иргэнийг хяналтад авч, ХӨСҮТ-д авчран эмчилгээ эхлүүлээд байгаа юм байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 328 болж байна. Үүнээс 312 хүн эдгэрсэн бөгөөд 16 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээнд байгаа 16 хүний биеийн байдлыг үнэлбэл, 12 нь хөнгөн, 4 нь хүндэвтэр байна хэмээн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Харин дэлхийн дахинд 41.1 сая хүн коронавирусийн халдвараар өвчилж, 31.1 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас баржээ.