ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн наймдугаар сард Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж, тэсэхийн аргагүй өвдөлтийнхөө улмаас орь дуу тавьж эхэлснээр зорчиж явсан онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн билээ.
Түүнийг “Новичок” гэх бодисоор хордуулсныг эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд Германы “Charita” гэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм.
Харин Навальныйг Монголын Ерөнхий прокурор Г.Оюунболд олон нийтийг сүлжээгээр хүчтэй шүүмжилсэн хэмээн ОХУ-ын зарим хэвлэлүүд мэдээллэж эхэлжээ.
Тодруулбал, "Ореанда-Новости" гэх сайтад “Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг Монголын нэгэн шүүхийн албан тушаалтан хүчтэй шүүмжиллээ. Монгол Улсын Ерөнхий Прокурорын зөвлөх Ганчулуун Оюунболд нь Навальныйгийн өөрийг нь Путин хордуулсан гэх тайлбарыг "бохир, үндэслэлгүй буруутгал" гэж тодорхойлсон байна. Г.Оюунболд өөрийн нүүр хуудсандаа “ОХУ-ын Засгийн газар түүний хордсонд холбоотой гэх ямар ч баримт байхгүй. Хордсон байдал нь ч их эргэлзээ төрүүлж байна. Навальный Ерөнхийлөгч Путин тэргүүтэй ОХУ-ын дээд удирдлагыг гэмт хэрэгт буруутгаж байгаа нь маш зохисгүй зүйл юм” гэж онцлон тэмдэглэжээ.
Мөн “Навальный Барууны тусгай албадтай холбоотой гэдэг нь тодорхой. 2020 оны наймдугаар сард Оросоос гарснаасаа хойш тэр хэвлэлд хэт идэвхтэй болсон” гэж мэдэгдсэн байна. Мөн “Взгляд” сонинд энэ тухай дурдаж, монголын албан тушаалтан Навальныйг “барууны хөл гар бологч” хэмээн тодорхойлсон хэмээн бичжээ.
Харин энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас хэвлэлд өгсөн тодруулгадаа "Г.Оюунболд нь УЕПГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, сургалтын хэлтэст хяналтын прокуророор ажилладаг. Хэрвээ тийм утгатай мэдээлэл бичсэн нь тогтоогдвол Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс шалгаж, холбогдох арга хэмжээг авах болно. Харин ОХУ-ын хэвлэлүүд Монгол улсын Ерөнхий прокурорын байр суурь мэтээр бичиж буй нь үндэслэлгүй мэдээлэл" хэмээн мэдэгдээд байна.
Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.