"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд алслагдсан аймаг, сумдад өөрийн биеэр очиж үзлэг хийж байгаа билээ. Тэрээр Баян-Өлгий аймагт ажиллаж байхдаа тус аймгийн Цэнгэл сум, Ойгор багт амьдардаг н.Нуршуан охины зүрх хүндэрч, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгааг мэдээлж байсан юм.
Охины замын зардалд “Аеро-Монголиа” компани тусалж, тэд Улаанбаатар хотод хоёр хоногийн өмнө ирцгээн, охин өчигдөр/2020.10.14/ хагалгаандаа орсон байна. Охины хагалгаа амжилттай болсон талаар Б.Болдсайхан эмч өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Зүрх мартахгүй төслийн хүрээнд Б.Болдсайхан эмч баруун аймгуудын 5 мянга гаруй хүүхдэд үзлэг хийж, 50 гаруй хүүхдэд хагалгаа хийжээ. Тэрээр Өдрийн сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа "Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай Таван Богд уулын яг Малчны оргилын бэлд буюу хилийн нэгдүгээр баганын дэргэд заставаас цааш амьдардаг малчин айлын охин Нуршуаны хагалгаа амжилттай боллоо.
Бид хоёр өдрийн өмнө ирж өчигдөр бэлдээд өнөөдөр хагалгаандаа орлоо. Ер нь охиныг шууд дагуулаад ирчихсэн шүү дээ.
Нэгдүгээрт, буцах гэхээр зам хаагдчихна. Хоёрдугаарт, их хүндэрчихсэн, энэ өвлийг давахааргүй байсан. Аавд нь хэлсэн “мөнгө байхгүй” гэсэн. Бид хагалгаа, эмчилгээний зардал байтугай нисэх, буцах зардлыг чинь даая гэж ойлгуулсан. Ойлгуулах ч хэцүү байсан. Аав нь монгол хэл, бичиг мэдэхгүй. Ер нь Алтай Таван Богдод малаа хариулахад бичиг үсгээр ч яах вэ дээ. Хүн жаргалтай л амьдарвал болно шүү дээ. Нуршуан охин бол бүр монгол хэл мэдэхгүй" хэмээжээ.