Уулын Карабахын асуудлаар Москва хотод хийсэн хэлэлцээрээр хүлээсэн үүргүүдээ бүрэн биелүүлэхийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Армен, Азербайжаны Батлан хамгаалахын сайд Давид Тоноян, Закир Гасанов нарт анхааруулжээ. Тэрбээр энэ асуудлаар хоёр улсын батлан хамгаалахын сайдуудтай утсаар ярьсан байна.
Армен, Азербайжаны эрх баригчид ОХУ-ын зуучлалаар энэ сарын 10-ны өдөр Москвад 10 цагийн турш хэлэлцээр хийсний эцэст гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Гэсэн ч хэлэлцээ хэрэгжиж эхэлснээс ердөө нэг цагийн дараа талууд харилцан нэгэн рүүгээ довтолсон. Арменийн талаас гал зогсоох гэрээ үйлчилж эхэлснээс хойш тавхан минутын дараа Азербайжаны тал довтолгоо эхлүүлж, хот тосгодыг бөмбөгдөж эхэлсэн гэж байсан бол Азербайжаны талаас Арменийн тал гал зогсоох гэрээг зөрчиж, Азербайжаны Тертер, Агдам мужууд руу буудаж эхэлсэн хэмээн талууд бие биенээ буруутгасан хэвээр байгаа юм.
Эх сурвалж: TASS