Цахим орчин хүн төрөлхтний мэдлэг мэдээлэл харилцан солилцох хэрэгцээнээс үүдэлтэй харилцан холбогдсон компьютеруудын сүлжээ ба энэхүү сүлжээ нь дэлхий дахиныг холбосон байдаг. Цахим ертөнц үүссэн цагаасаа хойш шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй хавсран үргэлж өргөжин хөгжиж бидний ажил амьдралын салшгүй нэг хэсэг болсон.
Цаашид ч өргөжсөөр байх тул бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудыг цахим орчны зохистой хэрэглээг дадал болгох нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарын ирээдүйн сайн сайханд хийж буй нэгэн чухал хувь нэмэр юм.
Хүүхэд эцэг эхийн хяналтгүйгээр олон нийтийн цахим сүлжээг ашигласнаар хүчирхийлэл, садар самуун агуулсан мэдээлэлтэй танилцах, хувийн мэдээллээ алдах, улмаар залилан мэхлэлтэд өртөж санхүүгийн болон бие сэтгэлийн хохирол амсах, гүтгэлэг, доромжлолд өртөх, бэлгийн болон сэтгэлзүйн дайралтанд өртөх, бодит бус, ухуулга мунхруулгад автах, аюултай хүмүүстэй харилцаа тогтоох эрсдэлтэй.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ интернэт хэрэглээг хянах боломжтой бөгөөд өөрсдөө хүүхдээ байнга харж, хянаж хамгаалах шаардлагатай. Зарим эцэг эхчүүд кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдүүдээсээ ч дор мэдлэг, мэдээлэлтэй байдаг нь нууц биш.
Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Ер нь төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа дутагдалтай байна. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр “Зөв тусгал” нөлөөллийн аяныг эхлүүлээд байна.
Ингээд эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ “Аюулгүй интернет хэрэглэх 5 зөвлөгөө”-г заавал тайлбарлан өгөөрэй.
1.Өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх.
Гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр гэх мэт
2.Үл таних хүмүүс өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх.
Өөрийн болон гэр бүл найз нөхдийнхөө аюулгүй байдлын төлөө зураг бичлэгээ гэмт этгээдүүдийн гарт оруулж болохгүй.
3.Өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байх.
үсэг, тоо орсон, олон оронтой нууц үг хэрэглэж байх шаардлагатай.
4.Интернетээс сэжигтэй элдэв бусын программ татаж өөрийн компьютерт суулгахгүй байх. Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаа сайгүй байж байдгыг анхаарах хэрэгтэй.
5.Таны мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мэссэж, хүсэлт ирсэн тохиолдолд багш эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч өөрийн ойр дотны насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэх.