ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2027 хүнд шинжилгээ хийхэд 2024 хүнээс коронавирус илрээгүй, харин гурван хүний сорьцод коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсад батлагдсан нийт тохиолдол 318 болж байгаа юм.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй хоёрт халдвар илэрсэн. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Нийт 318 тохиолдлын 310 нь эдгэрсэн. 295 хүний тандалт ажиглалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад тав, сувилалд 10 хүн байгаа. ХӨСҮТ-ийн эмчилгээнд байгаа найман хүний тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр хэмээн үнэлэгджээ" гэлээ.