Н.Алтанхуяг гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатартай маргалдаж, чуулганыг орхин гарав

Н.Алтанхуяг гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатартай маргалдаж, чуулганыг орхин гарав

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар 30 орчим гишүүн хөдөө орон нутагт томилолттой байгааг хэлж, өнөөдрийн хуралдаанаар хоёр хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа дуусгана хэмээн мэдэгдсэн юм. Үүний дараа Н.Алтанхуяг гишүүн ирц дутуу байгааг шүүмжлэн, бухимдлаа илэрхийллээ. Тодруулбал,

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос асуулт асуухад тэрээр “Өмнө нь УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтийн талаар асуулт асууж хариулт авдаг байсан. Гэвч Цэцийн дүгнэлтийг УИХ дээр шүүх нь зохимжгүй гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтээр асуулт асуухгүй гээд Дэгийн тухай хуульдаа оруулчихсан. Тиймээс Цэц хариулт өгөх боломжгүй” гэв.

Үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “С.Бямбацогтын тайлбарыг сонсохгүй шүү. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуулт асуух гэтэл хариулах хүн байхгүй гээд нэрийг минь хаслаа. Яагаад УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хааж байгаа юм. Орон нутагт томилолттой гээд байгаа гишүүд чинь солиороод орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна.

УИХ-ын чуулгандаа суух ёстой. Яагаад гишүүний үг хэлэх эрхийг хасаж байгаа юм. Сая Цэцийн дүгнэлт хэлэлцэгдээгүй. Хэрэв та нар хэлэлцсэн гэж үзвэл би Үндсэн хуулийн цэцэд хандана.УИХ-д 65 суудал авсан чинь хангалттай.

Эхний асуудал дээр үгээ хэлмээр байна. УИХ-ын дарга аа, ингэж болохгүй. Дахин хэлэлцэх ёстой чухал асуудал байсан. Надад асуух асуулт ч байсан. Асуулт асуухгүй юм бол энд суух хэрэг байгаа юм уу. Сонгуулиас сонгуулийн хооронд худлаа ярьдгаа болих хэрэгтэй. Одоо та нар “орон нутгийн сонгуулиар гаргаад өг” гээд явцгааж байна. Гишүүдээ дуудаач, 62 гишүүнээ цуглуулахгүй бол би өнөөдрийн хуралдаанд суухгүй. Орхон аймагт нэг гишүүн чинь очоод өдөр шөнөгүй сонгуулийн сурталчилгаа хийж байна” гэв.

Харин УИХ-н дарга Г.Занданшатар “Н.Алтанхуяг гишүүнд УИХ-ын тамгын газраас хууль зүйн зөвлөгөө өгч, мэдээллийн туслалцаа үзүүл. Энэ асуудал хэлэлцэх асуудал биш, танилцуулга. Асуудал хэлэлцэгдээгүй, танилцуулагдсан. Хуулиа унш” хэмээн микрофоныг хаажээ.

Үүний дараа Н.Алтанхуяг гишүүн “Хууль танилцуулаад байх юм байхгүй. Цэц дээр уулзъя” хэмээн чуулганыг орхин гарч явлаа.