Б.Чойжилсүрэнг эргүүлэн татах тэмцэл өрнүүлэхээ Увсын МАН-ын хорооноос мэдэгджээ

Б.Чойжилсүрэнг эргүүлэн татах тэмцэл өрнүүлэхээ Увсын МАН-ын хорооноос мэдэгджээ

Орон нутгийн сонгуулийн санал хураалт энэ сарын 15 ны өдөр буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагт болно. Тэгвэл Увс аймгаас хэдэнтээ сонгогдсон Б.Чойжилсүрэн тус аймгийн орон нутгийн сонгуульд 10 гаруй хүнийг санхүүжүүлж, бие даалган нэр дэвшүүлж байгаа гэж Увс аймгийн МАН-ын хорооноос үзэж, энэ тухай гомдлоо МАН-ын удирдах зөвлөл, Хяналтын хороонд гаргаад байгаа бололтой. 

Тэд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хаягласан шаардлагадаа: 

“Увс аймгийн МАН дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагууд гишүүдээрээ хэлэлцүүлэн аймгийн ИТХ-ын сонгуульд 41 нэр дэвшигчдээ тодруулан ажиллаж байна.  Таны зохион байгуулж санхүүжүүлж бие даалган өрсөлдүүлж байгаа 10 гаруй нэр дэвшигч /МАН-ын гишүүн/ нь тухайн тойрог бүр дээрээ намаас нэр дэвшигчдийн саналыг хувааж улмаар ялагдалд хүргэх ноцтой, хортой үр дагаварт хүрэх нөхцөл бүрдээд байна.

Эдгээр бие даан нэр дэвшсэн 10 гаруй намын гишүүн нь МАН-ын дүрмийн 6.5.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул намын дүрмийн дагуу намаас гарсанд тооцож байна.

Таны энэ үйлдэл нь намын дотоод эв нэгдлийг алдагдуулж, гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил урам зоригийг мохоож байгаад Увс аймгийн МАН-ын гишүүд гүнээ харамсаж байна. 2008 оноос хойш Хурд компанийн захирал Д.Цогтоо, П.Нямдаваа нар Увс аймгийн 2020 оны ИТХ-д бие даан нэр дэвшигчдийг дэмжин ажиллаж байна. П.Нямдаваа төрсөн эгч П.Алтанчимэгийг 16 дугаар тойрогт, хүргэн ах МАН-ын гишүүн Ч.Батцэндийг 8 дугаар тойрогт нэр дэвшүүлж мөн бусад тойрогт 10 гаруй МАН-ын гишүүн, бие даагч нарыг дэмжиж санхүүжүүлж ажиллаж байна. 

Иймд таныг  МАН-ын үндсэн дүрмийн 4.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцуулахаар МАН-ын Удирдах зөвлөл, Хяналтын хороонд хандсан гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Мөн энэ үйлдлээ зогсоохгүй бол Увс аймгийн МАН-ын нийт гишүүдэд энэ тухай мэдэгдэж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хүртэл тэмцэл өрнүүлэхээ мэдэгдье” гэжээ.