О.Бямбадэлгэр: Тамгыг хуурамчаар үйлдсэн эсэхийг ТЕГ тогтоодоггүй. Надад жинхэнэ тамга бий

О.Бямбадэлгэр: Тамгыг хуурамчаар үйлдсэн эсэхийг ТЕГ тогтоодоггүй. Надад жинхэнэ тамга бий

Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намын орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Шалтгаан нь ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга О.Бямбадэлгэр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх уг маргааныг эцэслэтэл ХҮН-ыг Нийслэлийн сонгуульд оролцуулах боломжгүй гэсэн юм. О.Бямбадэлгэрийг ХҮН-ын тамгыг хуурамчаар үйлдсэн болохыг ТЕГ-аас тогтоосон тухай албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Доржхандад энэ сарын 02-ны өдөр /2020.10.02/ дэлгэснийг бид мэдээлсэн.

Энэ тухай тус намын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Манай намын өмнөөс хурал хийж, жүжиг тоглосон нөхөд хүчингүй, хуурамч тамга ашиглан сонгуулийн байгууллага болон шүүхэд хандсан нь тогтоогдлоо. Одоо шүүгчид маань өөрсдөө гаргасан шийдвэрээ өөрчлөх л үлдлээ" гэсэн юм. Тус намаас 27 хүн орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн билээ. Тэгвэл бид тамгыг хуурамчаар үйлдсэн эсэх асуудлаар О.Бямбадэлгэртэй холбогдож тодрууллаа.

-ӨӨРСДИЙГӨӨ БОЛОВСРОЛТОЙ ГЭГДЭХ ЗАЛУУС ХҮН-ЫГ ДЭЭРЭМДЭХ ГЭЖ БУЙ БОЛ ХУДЛАА ШҮҮ-

-Таныг Нийслэлийн ХҮН-ын тамгыг хуурамчаар үйлдсэн гэдгийг Тагнуулын ерөнхий газраас тогтоосон гэсэн. Үүнд та тайлбар өгнө үү?

-ХҮН-ыг үүсгэн байгуулахад хэрэглэсэн тамгууд нь одоог хүртэл бидэнд бий. Хэн нь хуурамчаар хийснийг Тагнуулын Ерөнхий газар тогтоодоггүй юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хийх ёстой ажил юм. УИХ-ын гишүүнтэй болсноор бяртай болсон гэж бодоод байх шиг байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга Улсын бүртгэлийн ажлыг хэлэлцдэг болсон юм уу.

Тэгвэл нэг компанийн үүсгэн байгуулагдсан тамгыг Тагнуулын ерөнхий газар гаргаж өг л дөө. Улсын бүртгэлийн ерөнхий газрын гаргадаг тодорхойлолтыг Тагнуулын ерөнхий газар гаргаж өгч байна. Тэгээд ч энэ асуудал эцсийн байдлаар тогтоогдоогүй. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэг. Тагнуулын ерөнхий газар биш цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог юм. Шалгагдаж дуусаагүй байхад нэг нь албан бичиг гаргаж нөгөө нь өөрийн сошиал хаягтаа байрлуулж буй нь энэ намыг үүсгэн байгуулсан хүмүүс болон бусад гишүүдийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр харуулж буй үйлдэл. Бид эцсээ хүртэл явна. Энэ намд бүртгэлтэй мянга, мянган гишүүн бий. Тэр гишүүдийнхээ эрх ашгийн төлөө явж байна. Түүнээс энэ намын 17 хувийг л эзэлдэг өөрсдийгөө гадаадад сургууль төгссөн, боловсролтой гэгдэх залуус дээрэмдэх гэж буй бол худлаа шүү.

-Та бүхэн улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан уу?

-Өнөөдрөөс эхлэн бүхий л байгууллагад хандаж байна. УИХ-ын гишүүн гэх эрх мэдэлтэй хүн энд, тэндгүй бичиг өгч нөгөөдүүл нь биднийг ажил хийлгэхгүй хүндрэлтэй байна. Бид энгийнг борог амьдралтай дотооддоо сургууль төгссөн залуус. Тэд гадаадад сурсан, мөнгөтэй байж болно. Харин бид мөнгөгүй, гэр хороололд амьдардаг. Гэхдээ юу үнэн бэ гэвэл энэ намыг үүсгэн байгуулж, улс төрийн хүчин болгох сэтгэл зүрхтэй нь үнэн. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийг энэ намд оруулж ирснээрээ маш том алдаа гаргаснаа ухамсарлаж байна.  

-Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр танай талд гарсан. Энэ үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа вэ?

-ХҮН-ын дарга Б.Найдалаа Нийслэлийн сонгуулийн хороонд гомдол гаргасан. Ингээд Нийслэлийн сонгуулийн хороо Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. Улсын дээд шүүхийн хурал өнөөдөр 13.30 цагт зарлагдсан. Төрийн алба шүүхийн шийдвэрийг даган биелүүлдэг гэх дүрэм, журам ХЭРЭГЖИХЭЭ больж. Уг нь Нийслэлийн сонгуулийн хорооны эрх, ашгийг зөрчөөгүй. Сонгуулиа зохион байгуулах бүрэн боломжтой. Гэтэл шүүхэд хандсан. 

-УУЛЗАЖ ХОЁР ТАЛААСАА АСУУДЛАА ЯРИХАД БЭЛЭН БАЙНА-

-Тухайлбал та нэр дэвшиж байна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд найм хоночихлоо. Гэтэл та бүхэн асуудлаа шийдвэрлэж чадахгүй шүүх дээр маргаантай яваад байдаг. Эцэст нь хоёр тал хоёулаа НИТХ-д нэр дэвшиж чадахгүй хохирох нь байна шүү дээ?

-Өнгөрсөн найм хоногийн хугацаанд би нэг ч хэвлэмэл материал тараасангүй. Уулзалт зохион байгуулсангүй. 2016 оны НИТХ-ын сонгуульд ХҮН-аас Багахангай дүүрэгт нэр дэвшсэн. Энэ удаа мөн тус дүүрэгтээ нэр дэвших гэтэл дэвшүүлэхгүй байна. Багахангай дүүргийн иргэд сонголтгүй сонголт хийх болоод байна. Үүнд би харамсаж байна. Намайг нэр дэвших боломжгүй болгосон. Мөн өдөр бүр шүүх, цагдаа, ТЕГ-аас дуудаж байна шүү дээ. Энэ асуудал шийдэгдэхгүй бол би амбицаа дараад нэр дэвшихгүйгээр бүх гишүүдийн онц их хурлыг зарлах хэрэгтэй гэж бодож байна. Суугаад хоёр талаасаа яръя. Сонгуулийн өмнө “Чи дарга. Би тамгатай” гэж хэрэлддэгээ болих хэрэгтэй. Намын онц их хурал дээр бүх асуудлаа ярьж хэн нь ямар үүрэгтэй байхаа хэлэлцмээр байна. Тэгэхгүй бол дараа, дараагийн сонгуульд биднийг угтаж байна шүү дээ. Үнэхээр улс орны төлөө явъя, нэгдэж ажиллая гэж байгаа бол хамтарч ажиллах хэрэгтэй, уулзах ёстой. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө