Өвөрхангайн Есөнзүйл сумын цагдаа нар АН-ын нэр дэвшигчийг баривчилж хууль бусаар байцаалт авсан уу

Өвөрхангайн Есөнзүйл сумын цагдаа нар АН-ын нэр дэвшигчийг баривчилж хууль бусаар байцаалт авсан уу

2020 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд долоо хонов. Өнөөдрийг хүртэл гэж дүгнэвэл харьцангуй нам тайван, хуулийн дагуу сонгууль болж байна. Нэр дэвшигчидтэй холбоотой гомдол ч Сонгуулийн Ерөнхий хороонд бага хүрч байгаа аж.

Гэхдээ хууль зөрчсөн, нэр дэвшигчийн эрхэнд халдсан МАН, АН-аараа талцаж асуудлыг улс төржүүлсэн асуудал орон нутагт ганц, нэг гарсан байна. Тодбал, Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл суманд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Энхбаярыг төрийн тусгай албан хаагчийн хувцас хэрэглэлтэй этгээд цагдаа нарын хамтаар баривчлан саатуулж, тайлбар мэдүүлэг авчээ. Түүнийг сонгогчидтойгоо уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж явахад ийнхүү саатуулсан байна.

Мөн түүний уулзалтад оролцсон сонгогчид болох н.Эрдэнэхуяг, н.Цэрэндулам нарыг уулзалтын дараа албаны машинаар гэрээс нь цагдаагийн байгууллагад авч ирж байцаажээ. Ингэхдээ төрийн тусгай алба хаагч нар өөрсдийгөө танилцуулаагүй ба ямар үндэслэлээр байцаалт авах гэж буйгаа ч хэлээгүй байна.

Хамгийн ноцтой нь тэднийг байцаах үеэр тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Бат-Өлзий гэгч нь байлцаж цагдаагийн байгууллагын ажилд хөндлөнгөөс нөлөөлжээ.

Чухам ямар асуудлаар Ардчилсан намын нэр дэвшигч с.Энхбаярыг байцаасан нь одоогоор тодорхойгүй байна. Бид энэ талаар С.Энхбаяраас тодруулахад “Саатуулж байцаалт авсан нь үнэн. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээллийг манай намын хуульчаас асуугаарай” гэсэн юм.

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга О.Алтангэрэл уг үйл явдлыг  “Нэр дэвшигчийг тодорхой үндэслэлгүйгээр авч явж тайлбар мэдүүлэг авч буй нь Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, иргэний үндсэн эрхэд хууль бусаар халдаж буй үйлдэл юм. Дээрх үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Цагдаагийн албан хаагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд үндэслэл, шалтгааныг мэдэгдэж хуулийн этгээдэд үүсэх эрх, үүрэг, өмгөөлөгч авах өөрийгөө өмгөөлөх өөрийнхөө эсрэг тайлбар мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн тусгай алба нь улс төрийн шинжтэй хэт нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулж байх магадлалтай хэмээн үзэхэд хүрч байна” хэмээн дүгнэжээ.

Тиймээс тэрбээр Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст хандан “Хууль зөрчиж бусдын эрхэд халдсан Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сумын цагдаагийн байгууллагын албан хаагч нарт холбогдох арга хэмжээг нэн даруй хуульд заасан хүрээнд авч хариуцлага тооцож өгөхийг хүсчээ. Мөн төрийн тусгай албан хаагчийн хувцас хэрэглэл өмсөн бусдыг хууль бусаар цагдан мөрдөж тайлбар мэдүүлэг авах үйл ажиллагааг дур мэдэн явуулсан этгээдийн талаар бидэнд мэдээлэл өгнө үү” гэсэн албан бичгийг өгсөн байна.

Цагдаагийн байгууллага нь нэр дэвшигчээс тайлбар мэдүүлэг авч болно. Гэхдээ хуульд заасан эрх, үүргийг нь өмнө нь тайлбарлах ёстой юм. Гэтэл Есөн-Зүйл сумын цагдаа нар энэ үйл ажиллагааг орхигдуулжээ. Цаашлаад МАН-ын нэр дэвшигч нь цагдаагийн байгууллагын ажилтан биш. Тэрбээр байцаалтын үеэр байлцах ямар ч шаардлагагүй юм. Гэтэл эсрэгээрээ байцаалтын үеэр цагдаатай хамт байлцсан нь МАН-ын захиалга уу эсвэл зохион байгуулалттайгаар АН-ын дэвшигчийг унагаах оролдлого уу гэх мэт хардлагыг төрүүлж байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө