Монголд анх удаа хэвлийн гол судасны цүлхэнд стент графт суулгах мэс заслыг бие даан хийлээ

Монголд анх удаа хэвлийн гол судасны цүлхэнд стент графт суулгах мэс заслыг бие даан хийлээ

Есдүгээр сарын 30-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй эмч нарын хамтарсан баг хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэний эмгэгт Монгол улсад анх удаа өөрсдөө бие даан “Стент графт” суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Тодруулбал, хоёр ташааны тараагуур судас хамарсан хэвлийн гол судасны цүлхэн оноштойгоор тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч нарын хяналтад байсан 63 настай өвчтөнд төлөвлөгөөт журмаар, ерөнхий унтуулгын дор хоёр гуяны тараагуур судсаар дамжуулан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнд нэхмэл полиэстр материал бүхий өмсгөлтэй стент графтийг байрлуулж, цүлхэн хагарч цус алдах хүндрэл болон улмаар амь нас эрсдэх аюулаас аварсан байна.

Судсан дотуурх эмчилгээний энэхүү арга нь гол судасны цүлхэн задрах, хуурах, хүндэрч нас барахаас сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй шинэ дэвшилтэт технологи бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсад эрчимтэй нэвтэрч байгаа бөгөөд тус эмнэлэг энэхүү эмчилгээний технологийг Монгол улсад, өөрийн эмнэлгийн зүрх судасны лавлагаа тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байгаа аж.