Л.Байгал: Хүүхдүүд “Пороро”-ын ертөнц шиг гэгээлэг газар амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг

Л.Байгал: Хүүхдүүд “Пороро”-ын ертөнц шиг гэгээлэг газар амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ долоо хоногийн Лхагва гарагт буюу есдүгээр сарын 30-нд орон даяар албан ёсоор эхэлсэнээр улс төрийн намууд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж, нэр дэвшигчид сурталчилгааны самбаруудаа хэдийн гудамж, талбайд байрлуулж эхэлжээ.

Орон нутгийн сонгуульд олон тооны хүмүүс өрсөлддөг гэдгээрээ онцлог. Тиймээс ч нэр дэвшигчид сонгогчиддоо танигдахын тулд сонирхолтой сурталчилгааны аргуудыг ихээр ашиглах нь түгээмэл байдаг. Жишээбэл, зарим нэр дэвшигч автомашиндаа хоол хийж буй зургаа ч олон нийтийн сүлжээнд нийтэлж байв.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурал /НИТХ/-ын сонгуулийн 16-р тойрогт МАХН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Л.Байгаль сонгуулийн сурталчилгаандаа хүүхэд багачуудад хэдийн танигдсан БНСУ-ын олон ангит хүүхэлдэйн киноны гол дүр “Пороро”-гын зургийг ашиглан “Пороро ч саналаа Лхагвасүрэнгийн Байгал-д өгнө” хэмээн бичсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан юм. Бид түүнтэй уулзаж сонгуулийн бэлтгэл ажил болон сурталчилгааны самбарынх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

СОНСОХ:

НИТХ-ын сонгуулийн 16-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Л.Байгаль

-ЗАРИМ ХҮМҮҮС “ЮУН ПОРОРО ВЭ, НААДАХ ЧИНЬ ЧИНИЙ
САНАЛЫГ УНАГААНА” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

-Сайн байна уу, юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу, уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Лхагвасүрэнгийн Байгаль өөрийн төрж өссөн дүүрэг болох Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшин, олон жил хийж бүтээхээр зорьж ирсэн ажлуудаа дуусгахаар зориглон энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байна. Би 1975 онд Улаанбаатар хотод төрж, нийслэлийн 23-р сургуулийг төгссөн. МУИС-ийн ОУХ-ны сургуулийг Гадаад албаны ажилтан, Англи судлалын мэргэжлээр төгсөж, магистрын зэргээ мөн тус сургуулийн Олон улсын эрх зүйн мэргэжлээр сурч, хамгаалсан. Мөн Хятад, Сингапур, Австрали зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн туршлагатай.

-Сонгуульд нэр дэвших болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Би өдийг хүртэл тодорхой хэмжээнд өөрийгөө маш сайн боловсруулж, хөгжүүлж ирсэн гэж боддог. Энэ ч утгаараа дүүрэгт маань, цаашлаад нийслэлд тулгамдаад байгаа томоохон асуудлуудыг мэддэг иргэн хүнийхээ хувьд иргэдээ төлөөлж, тэдний дуу хоолой болж, хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулья гэж шийдсэн юм. Мэдээж ингэхийн тулд өөрийнхөө боловсролд багагүй цаг завыг зарцуулж, олон салбарт ажиллаж, мэргэшсэн. Сүүлийн жилүүдэд олон улсын төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байна.

-Энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцож байна, бусад нэр дэвшигчдээс ялгарах гол онцлог тань юу вэ?

-Энэ удаагийн сонгуульд миний баримталж байгаа гол зарчим нь бидний ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл аюулгүй орчинд өсөж торниосой, тэд бүгд аз жаргалтай, халуун дулаан гэр бүлийн орчинд амьдарч, зөв шударга, эх орондоо хэрэгтэй хүн болоосой гэсэн хүслийг тээж оролцож байна. Ингэхийн тулд тэдэнд юу хэрэгтэй вэ гэхээр хамгийн түрүүнд эрүүл, аюулгүй орчин хэрэгтэй. Цаашлаад чөлөөтэй тоглож, наадах талбай, чөлөөт цагаа өнгөрүүлэх гэгээлэг орчин хэрэгтэй. Иймээс би ээж хүнийхээ хувьд эдгээр асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө нэн түрүүнд тусгаж ажилласан.

Чингэлтэй дүүрэг бол 30 жил МАН-ын удирдлага дор явж байгаагаараа, мөн нийслэлийн төсвөөс жил бүр хамгийн их хувийг авдаг дүүрэг гэдгээрээ их онцлог.

Гэсэн хэдий ч энэ олон жилийн хугацаанд хийгдсэн ажлуудыг нь тооцоод үзвэл нэлээн чамламаар тийм дүүрэг л дээ. Миний хувьд нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газарт Э.Бат-үүл даргын үед ажиллаж байхдаа “Гудамж” төслийг хэрэгжүүлж байсан. Энэ төслөөрөө дамжуулан Улаанбаатар хотын 33 уулзвар замыг засаж байсан юм. Энэ томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан хүнийхээ хувьд юуг анзаарсан бэ гэхээр “монголчуудад зөв менежмент хийгээд, зөв удирдаад ажиллавал ямар ч бүтээн байгуулалтыг хурдан хугацаанд, чанартай хийж чаддаг юм байна” гэдгийг харж байсан. Тиймээс энэхүү туршлагаараа Чингэлтэй дүүргийн 7,8,9,10,11 гэсэн гэр хорооллуудын гудамжыг сайжруулж, орчныг нь цэвэрхэн болгох зорилгоор ажиллана гэж тусгасан байгаа. Хүн бүр цэвэрхэн, аюулгүй орчинд аж төрж, амьдрах эрхтэй. Тиймээс иргэдийн хамгийн наад захын эрхийг нэн түрүүнд хангаж ажиллана гэж зорьж байна.

НИТХ-ын сонгуулийн 16-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Л.Байгаль

-МОНГОЛЧУУДАД ЗӨВ МЕНЕЖМЕНТ ХИЙГЭЭД, ЗӨВ УДИРДААД АЖИЛЛАВАЛ ЯМАР Ч АЖЛЫГ МАШ САЙН ХИЙЖ, ГҮЙЦЭТГЭЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ТУРШЛАГААСАА ХАРСАН-

-Иргэн хүний хувьд итгэл үнэмшил гэдэг хамгийн том үнэт зүйл шүү дээ. Таны хувьд яагаад энэ удаагийн сонгуульд МАХН-ыг сонгож, дэмжиж оролцож байгаа вэ?

-Зүүн төвийн холбоо гэж байдаг л даа. Би тэр холбоонд нэлээн олон жил өөрийн итгэл, үнэмшлээрээ орж ажиллаж байгаа. МАХН өөрөө зүүн чиглэлийн нам учраас тэрхүү холбоогоороо дамжуулан орж, гишүүн нь болсон юм.

-Таны сонгуулийн сурталчилгаа “Пороро” хүүхэлдэйн киноны гол дүрийг ашигласанаараа ихээхэн онцлогтой. Яагаад энэ зургийг сонгох болов, юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Зүүн  төвийн холбооны залуустайгаа нийлээд бид нийгэмд үүсээд байгаа асуудлуудын талаар их хэлэлцүүлэг хийдэг л дээ.

Миний хувьд хүүхдийн асуудлыг ихээр хөнддөг учраас намайг тэр үед “пороро” гэж хочилж дуудаж байсан юм.

Ингээд нэр дэвшихээр болох үедээ “нээрээ яагаад поророг ашиглаж болохгүй гэж” бодсон. Пороро хүүхэлдэйн киноны хувьд орчин нь маш гэгээлэг, хүүхдүүдэд аз жаргалыг бэлэглэдэг шүү дээ. Миний хувьд ч гэсэн гудамжинд яваа хүүхдүүд тэр зургийг хараад инээгээсэй, аз жаргалтай байгаасай гэж хүссэндээ сурталчилгааныхаа самбарт байрлуулсан юм. Поророгийн ертөнцөд ямар нэгэн хүчирхийлэл, бухимдал, сөрөг зүйлс, орчин нь муухай, зам нь эвдэрсэн гэж гардаггүй шүү дээ. Тиймээс би нийслэлээ ийм болгож бүх хүүхдүүд хүүхэлдэйн киноны ертөнц шиг аз жаргалтай амьдраасай гэж бодсондоо энэ шийдвэрийг гаргасан. Эцэг эхчүүд ч мөн миний энэ санааг ойлгож, үр хүүхдийнхээ төлөө намайг дэмжээсэй гэж хүсэж байна.

-Таны энэ санааг ойлгохгүй байгаа, шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс их харагдсан. Учир нь нэр дэвшигчид бага насныхан руу хандсан уриа, лоозон ашигладаггүй шүү дээ?

-Тийм ээ, намайг таньдаг мэддэг хүмүүс бол хараад миний санааг ойлгож байгаа. Харин мэдэхгүй хүмүүс их шүүмжилж байна л даа. Би яахав хүүхэд рүү чиглэсэн байгаа мэт харагдаж байгаа ч “эцэг эхчүүд намайг дэмжвэл ирээдүйд таны хүүхдийн аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн байх гэрэл гэгээтэй орчин нөхцөлийг бүрдүүлж өгье” гэсэн санаа юм.  Ер нь яагаад том хүмүүс ч гэсэн хүүхэлдэйн киноны ертөнц шиг орчинд аз жаргалтай амьдарч болохгүй  гэж. Зарим улс төрийн хүрээнд байдаг хүмүүс залгаад “чи одоо юу тавьчихсан юм бэ, наадах чинь чиний саналыг унагаана” гэж байсан. Гэхдээ надад зорилго байгаа, өөрийн гэсэн үзэл бодол байгаа. Тиймээс миний бодол өөрчлөгдөхгүй.

НИТХ-ын сонгуулийн 16-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Л.Байгаль

-СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР ДЭЭР БАЙГАА “ПОРОРО”НЫ ЗУРАГ БОЛ МАНАЙ ХҮҮГИЙН ГАРААРАА ЗУРСАН ЗУРАГ-

-Зарим хүмүүс бас бараа, бүтээгдэхүүний зургийг зөвшөөрөлгүй авч, сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа нь хууль бус үйлдэл гэж харж байх шиг байна. Та энэ асуудлыг бодож үзсэн үү?

-Бодож үзсэн. Тэр зураг бол манай хүүгийн өөрөө гараараа зурсан зураг л даа. Ямар нэгэн газраас шууд хуулж аваад хэвлэчихсэн зүйл биш. Тийм учраас асуудал үүсэхгүй байх гэж бодсон.

-Одоо Улаанбаатар хотод үүсээд байгаа хамгийн том асуудал нь түгжрэл болоод байна. Таны  хувьд нийслэлд сонгогдвол энэ асуудлын шийдлийг юу гэж харж байгаа вэ?

-Тийм ээ, түгжрэл бол яах аргагүй хамгийн том асуудал, иргэдийн стресс үүсгэгч хүчин зүйл болоод байна. Миний хувьд 2017 оноос эхлэн Азийн Хөгжлийн банкинд зөвлөхөөр ажиллаж байна. Энэ хугацаандаа “Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэсэн томоохон төсөлд ажиллаж байсан. Энэ төсөл бол манай хотын түгжрэлийг бууруулахад, зогсоолын асуудлыг шийдэхэд хамгийн том шийдэл болж өгөх, их чухал төсөл байсан юм. Манай улсад зогсоолын асуудлаар мэргэшсэн мэргэжилтэн ер нь байдаггүй юм билээ. Тиймээс бид төслийнхөө хүрээнд зогсоол, түгжрэл, нийтийн тээврийн асуудлаар мэргэшсэн гадны мэргэжилтнүүдийг авчирч манай улсад хамгийн тохиромжтой, түргэн шуурхай шийдлийг олохоор хоёр жил судалгаа хийсэн. Ингээд Азийн Хөгжлийн Банкнаас 247 сая долларын санхүүжилт авч, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хамгийн түрүүнд BRT \Bus Rapid Transit\ буюу тусгай замын автобусыг нэвтрүүлье гэсэн шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийн дагуу ийм шугамаар, ингэж явна гэсэн бүх нарийвчилсан төлөвлөгөө, маршрутыг гаргаад 2018 онд нийслэлд хүлээлгэж өгсөн. Ингээд төлөвлөгөө, судалгаа, мөнгө нь бэлэн төслийг хүлээлгэж өгөөд одоог хүртэл нэг ч зүйл хэрэгжээгүй, түгжрээд л явж байна. Гэтэл энэ төслийн мөнгийг сүүлд “Агаарын дүүжин тээвэр” барихад зарцуулах гэж оролдсон. Агаарын дүүжин тээвэр бол нийтийн тээвэрт ашиглагдах зүйл яасан ч биш. Олон улсын байгууллагууд ч тэнэг биш шүү дээ. Тиймээс энэ төслийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэний дагуу АХБ-наас зогсоосон. Бид нарын төлөвлөсөнөөр бол өдийд энэ төсөл Улаанбаатар хотод хэрэгжээд эхэлчих байсан юм. Яагаад бүх зүйл нь бэлэн байгаа төслийг одоог хүртэл хэрэгжүүлээгүй вэ гэдгийг би маш их гайхдаг. Тиймээс нийслэлд гараад хамгийн түрүүнд хийх ажил минь энэ түгжрэлийг шийдэх. Өөрөө эхнээс нь ажиллаад, туршлага судлаад ирсэн хүний хувьд тэр ажлыг заавал хийж дуусгана гэж бодож байгаа.

-ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ЯВУУЛАХ ТӨСЛИЙГ БЭЛЭН БОЛГОЖ НИЙСЛЭЛД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН Ч ОДООГ ХҮРТЭЛ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ. ХАРИН МӨНГӨӨР НЬ “АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ” САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ ОРОЛДСОН-

-Түгжрэлээс болж бусад маш олон төрлийн асуудлууд үүсч байгаа шүү дээ?

-Тийм ээ, иргэдийн стресс бухимдал дээд цэгтээ хүрч цаашлаад агаарын бохирдол, эдийн засагт маш их хор хохирол учирч байна. Наад зах нь хүмүүс энэ асуудлаас болж бухимдаад гэртээ хариад тэр стрессээ үр хүүхэд, гэр бүлийнхэндээ гаргаж байна. Түүнээс болж хүүхэд ч дотроо эцэг эхдээ гомдох, сэтгэлийн шарх авах тохиолдол гарч байгаа шүү дээ. Энэ бүх зүйл хоорондын уялдаа холбоотой гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Тиймээс хүүхэд багачуудаа аюулгүй орчинд аз жаргалтай амьдруулах, нийслэл хотынхоо дэд бүтцийг хөгжүүлэх, тулгамдаад байгаа хамгийн том асуудал болох түгжрэлийн асуудлыг өөрийн мэдлэг, туршлагадаа суурилан нэн түрүүнд шийдэх зэрэг нь миний бие нийслэлд сонгогдвол нэн түрүүнд хийх ажлууд юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.