ТҮЦ эрхлэгчдийг өдөр, шөнөгүй торгохоо болихыг шаардлаа

ТҮЦ эрхлэгчдийг өдөр, шөнөгүй торгохоо болихыг шаардлаа

Монголын худалдаачдын холбооны дэргэдэх ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны зүгээс  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарт шаардлага хүргүүлжээ. Үүний шалтгаан нь төрийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлэх дарамт, шахалт хэрээс хэтрэх болсонтой холбоотой гэлээ.

Уг шаардлагад “Худалдаачдыг торго, шийтгэ, хураа, ав гэдэг үгсээр дарамталдаг. Гэтэл ядуурлыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүд зорилтот бүлэгтээ хүрэхгүй хулгайч, авлигач дарга, эрхмүүдийн амар хялбар хөрөнгөжих эх үүсвэр болж байгааг тууштай эсэргүүцэхээ илэрхийлж байна. Хууль, хяналтын байгууллагаар худалдаачдыг дарамталдаг, өндөр хүүтэй зээлээр мөлждөг шуналт түрэмгийлэгчидтэй тэмцэнэ” гэх агуулгыг илэрхийлжээ.

Энэ талаар худалдаачдын төлөөлөл “Өнөөдрийн байдлаар ТҮЦ эрхлэгчид Нийслэлийн хэмжээнд 2000 гаруй болоод байна. Тэдгээрийг Цагдаагийн газар мөнгө болон хувирган өдөр шөнөгүй торгож байна. Өглөөнөөс орой хүртэл зогсолтгүй ажилладаг биднийг үр хүүхдээ тэжээх боломжгүй болгоод байна” гэлээ.

Тиймээс албан тушаалтнуудад удаа дараа шаардлага хүргүүлж, худалдаачдыг дарамтлахтай тууштай тэмцэхээ илэрхийлсэн юм.

Х.ҮҮРИЙНТУЯА