МАН хэрүүлээсээ болж орон нутгийн сонгуульд хоёр өөр нэрсийн жагсаалттай орох уу

МАН хэрүүлээсээ болж орон нутгийн сонгуульд хоёр өөр нэрсийн жагсаалттай орох уу

Ирэх сард болох орон нутгийн сонгуульд намууд чимээгүйхэн бэлтгэн, дотроо нэлээн бужигнаж байна. Ардчилсан нам аймаг, дүүргийн хороод дээрээ нэр дэвших хүсэлтэй гишүүдийнхээ хүсэлтийг хүлээн авч эхэлсэн бол эрх баригч МАН-ынхан нэр дэвшигчдийг шалгаруулах эрх мэдлээ булаацалдан үл ойлголцол, бужигнаантай байгаа аж.

Тодруулбал, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, намын дарга У.Хүрэлсүх болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантайгаа дээрх асуудлаар маргалдан маргаан нь нэлээн ширүүссэн гэх мэдээлэл байна.

Д.Амарбаясгалангийн хувьд орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх мэдлийг Д.Сумъяабазараас салгаж бүх зохион байгуулалтыг намын төв аппарат дээрээ төвлөрүүлэхээр ажиллаж байгаа гэх. Ерөөс Д.Амарбаясгалан нь Д.Сумъяабазараа бүх эрх мэдлээс нь салгах төлөвлөгөөг гардан зохион байгуулж байна гэж намынхан нь дотооддоо ярьж буй.

Харин үүнд нь эгдүүцсэн Д.Сумъяабазар намын дарга У.Хүрэлсүхтэй ч, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ч муудалцан орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийг өөрөө мэдэн тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

МАН-ын дүрмийн дагуу нийслэлийн сонгуульд нэр дэвших хүмүүсийг Нийслэлийн намын дарга мэдэх ёстой. Гэтэл тэр ажлыг нь Д.Амарбаясгалан булаацалдан элдэв хор найруулж буй нь ямар учиртай нь орон нутгийн сонгуулийн дараа ил болох биз ээ. Д.Амарбаясгалангийн төлөвлөж буйгаар нийслэлийн намыг татан буулгана гэх мэдээлэл бий.

Ийнхүү Д.Сумъяабазар нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг гаргаад бэлдчихсэн бол МАН-ын удирдлагууд өөр тусдаа нэрс гаргасан гэх яриа тус нам дотор яригдаж байна. Тэр бүү хэл энэ асуудлаар Д.Сумъяабазартайгаа зөвшилцөхгүй, уулзахгүй байгаа аж.

Тодруулбал, Нам дарга, генсек нар нь хэсэг хүмүүсийг дэвшүүлэхээр төлөвлөсөн бол Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар нь Улаанбаатар хотоос сонгогдсон хэсэг гишүүдийн хамт өөр нэрс жагсаачихаад байгаа аж

Нийслэлийн 45 суудлын 22-ийг төв нам нь мэдэх, үлдсэн 23-ийг нь нийслэлийн МАН-ын хороо мэдэх тохиролцоонд хүрэх дундын хувилбарыг ч гаргаж ирж магадгүй гэх мэдээлэл байна.

Харин Д.Сумъябазарын хувьд Нийслэлийн МАН-ын даргын ажлыг сайн гүйцэтгэсэн, тэр хэрээр Улаанбаатараас сонгогдсон гишүүдтэйгээ нийлэмж сайтай, МАН-ын түүхэнд гаргаагүй ялалтыг сая сонгуулиар байгуулсан учраас ганцаараа эрх мэдэлтэй оролцоно хэмээж байгаа аж.

Ирэх долоо хоногт нийслэл, дүүрэг, орон нутагт нэр дэвших хүмүүсийн нэрс тодорхой болно. Уг жагсаалтаас Д.Сумъяабазар нэрсээ гаргасан уу эсвэл намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа зөвшилцсөн үү гэдэг нь харагдах юм.




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө