Улсын Онцгой комисс өнөөдөр 10:00 цагт хуралдаж, Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар санал нэгдсэн.
Тэгвэл энэхүү шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Ингэснээр одоогийн мөрдөгдөж буй дүрэм, журмууд хэвээр байх нь.
Иргэд УОК-ын шийдвэртэй холбоотой хичээл, сургууль орох эсэхийг тодруулсаар байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас ерөнхий боловсролын хичээл есдүгээр сарын 1-ндээ орно гэлээ. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлж гурван өдөр танхимд, хоёр өдөр теле хичээл үзэх байдлаар зохион байгуулагдах бол мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүд есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургуулийн хичээл аравдугаар сарын 1-5-ны хооронд эхлэх төлөвлөгөө хэвээр байна.