Э.Саран: Нүүрний иог бол хамгийн эрүүл, хямд, аюулгүй аргаар залуу болох арга

Э.Саран: Нүүрний иог бол хамгийн эрүүл, хямд, аюулгүй аргаар залуу болох арга

Япон эмэгтэйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууцуудын нэг бол “нүүрний иог” юм. Тэгвэл уншигч таны амралтын өдөрт зориулан бид Монголд нүүрний иогийг анх үндэслэн бий болгож, гуаша нүүрний массажийг хөгжүүлж буй  “Саран нүүрний иог ба гуаша” сургалтын зөвлөх багш Э.Сарантай ярилцаж, сонирхолтой бөгөөд хэрэгтэй зөвлөгөөг бэлтгэлээ.

-ЭРЭГТЭЙ ХҮМҮҮС НҮҮРНИЙ ИОГ ХИЙХЭД МАШ ХУРДАН ХУГАЦААНД ӨӨРЧЛӨГДӨЖ ЧАДДАГ-

-Сайн байна уу. Яриагаа юун түрүүнд “нүүрний иог” гэж чухам юу болох талаар эхлүүлье.

Сайн. Сайн байна уу. Нүүрний иог бол нүүрний булчинг хөдөлгөх замаар гоо сайхнаа хадгалахад зориулагдсан иог юм. Ярих, инээх гэх мэт жирийн үед бараг ашигладаггүй нүүрний булчингуудыг сэргээн хөдөлгөөд, чангарсан булчингуудыг суллаж, арьс арчилгаагаар шийдвэрлэж болдоггүй  арьс унжилт, үрчлээ, нүүр хавагнаж хөөх, давхар эрүү, хүзүүний үрчлээс, зовхи унжих зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд тусалдаг гэж хэлж болно. Үүнээс гадна арьс хуурайших, барзайх, сэвхтэх, өнгөө алдах, батга гарах зэрэг арьсны асуудалтай хүмүүс ч хичээллэвэл үр дүнд хүрч чаддаг. Товчхоноор бол манайхны хичээллээд байгаа фитнесс л гэсэн үг. Нэг ёсоор нүүрний фитнесс юм. Фитнессээр хүмүүс биеийнхээ хэлбэрийг засах, турах, эрүүлжих зорилгоор хичээллэдэг шүү дээ. Тогтмол хичээллэсний дараа бие нь галбиржиж, сул арьс нь татагдаж, булчин суудаг. Үүнтэй адил нүүрэнд байдаг 70 орчим жижиг булчингуудыг дасгалын тусламжтайгаар жигд ажиллуулж, чангалаад эхлэхээр арьс татагдан үрчлээс ч багасдаг. Үүнийг л хэлээд байгаа юм.

-Арьс, нүүрэнд эерэг үр дүн гарахаас гадна тархинд ч эерэгээр нөлөөлдөг гэж сонсож байсан юм. Энэ үнэн үү?

-Нүүрний иог хийснээр тархины цусан хангамж сайжирч, нойргүйдэл үгүй болж, цус, тунгалгийн эргэлтийг сайжруулан, арьсны хүчилтөрөгчийн хангамжийг эрс нэмэгдүүлж, бодисын солилцоог эрчимжүүлж нүдний хараанд ч сайнаар нөлөөлнө. Тэгэхээр дан ганц гаднах төрхөөрөө биш дотроосоо ч эрүүлжиж байгаа юм.

-Хэдээс хэдэн насныхан нүүрний иогоор хичээллэвэл зохих вэ?  

-Манай сургалтын төвд ихэвчлэн 16-20 насны охидууд ирж, хичээллэдэг. Тэдэнд голдуу нүүрний буруу хувирлаас болж өөрчлөлт үүссэн эсвэл нүүрэн дээр нь юм гардаг гэх мэт асуудлууд тулгарсан байдаг. Жишээ нь, нүдээрээ инээж үрчийдэг, цүнхээ нэг талдаа үүрдэг гэх мэт шалтгаанаар мөн бөгтийсөөр байгаад нүүрэнд нь “ассиметр” үүссэн хүүхдүүд ирэх нь бий.  Энэ насныхан долоо хоногтоо 1-2 удаа нүүрний иог хийхэд хангалттай. Гэтэл зарим хүн “Би 50-60 настай, залуужихаасаа өнгөрсөн. Ер нь хичээллэх хэрэг байна уу” гэж асуудаг юм. Нүүрний иогоор хичээллэхэд эзээ ч оройтохгүй.

60-70 настай хүмүүс идэвхтэй хөдөлгөөн хийгээд ирэхээр бие нь хөнгөрч, алхаа гишгээ нь өөрчлөгддөг биз дээ. Нүүрний иог яг адилхан, хичээллэж эхлэхэд л нүүрний өнгө засарч, аажимдаа нүүрний арьс тэнийгээд л ирнэ. Нойрондоо ч сайн болно. Үр дүн заавал гарна.

Хүмүүс өөртөө зав гаргаж чадахгүй, “За маргааш, нөгөөдөр, за  дараа долоо хоногт гэж хойшлуулж, цаг их алддаг. Үрчлээ бол таныг хүлээхгүй улам л ихэснэ, гүнзгийрнэ. Тэгэхээр хэдий чинээ эрт хичээллэнэ, төдий чинээ  үр дүн нь хурдан  гарна гэсэн үг.

-Ер нь эмэгтэйчүүд л нүүрний иог хийдэг гэсэн ойлголт байдаг. Эрэгтэйчүүд ч нүүрний иог хийж болох уу?

-Эрэгтэйчүүд манай төвөөс нүүрний иог, гуаша массажны талаар их лавлаж, асуудаг. Гэхдээ эмэгтэйчүүд л хичээллэдэг гэсэн түгээмэл ойлголт байдгаас яг танхимд ирж хичээллэх нь бага. Эрэгтэй хүн нүүрний иог хийхэд үр дүн нь маш хурдан гардаг юм. Аргагүй шүү дээ ихэнхи нь бараг нүүрээ угаачхаад тос ч түрхдэггүй явдаг. Тэгээд хичээлдээ суун, арьс арчилгааны тухай ойлголттой болж, булчингуудаа хөдөлгөөд дасгал хийгээд эхлэхээр эерэг үр дүн маш хурдан гарч эхэлдэг.

-ЭЕРЭГ ҮР ДҮН ЭХНИЙ ӨДРӨӨС НЬ МЭДРЭГДЭЖ ЭХЭЛДЭГ-

-Дэлхийн улсуудаас аль орон “нүүрний иог”-ийн сургалтаараа илүү хөгжсөн байдаг вэ?

-Нүүрний иог Америк, Японоос гаралтай сүүлийн үед Европын орнууд болон Орост ч их дэлгэрч байна. Би японы нүүрний иог заадаг. Японы багш, эмч, судлаачид нилээд удаан туршилт хийсний үр дүнд сонгож гаргасан, нүүрэнд хамгийн их нөлөө үзүүлэх 10 дасгалыг голчлон заадаг. Японууд аливаа зүйлийг олон нийтэд дэлгэрүүлэхээсээ өмнө маш сайн судалж, удаан хугацаанд туршилт хийдэг. Тийм болохоор итгэж болно гэсэн үг.  Ер нь нүүрний иогийн 100 гаруй дасгал, массаж байдаг. Тэр бүгдийг тогтмол хийнэ гэвэл хэцүү. Иог хийхэд нүүрний булчин булрахгүй хөндүүрлэхгүй байгаа бол төдийлөн танд нөлөө үзүүлэгүй байна гэж ойлгож болно. Харин Японы нүүрний иогийн дасгалуудыг хийхэд үр дүн нь эхний өдрөөс л мэдрэгдэнэ.

-Нүүрний иог Монголд хэзээнээс нэвтэрч эхэлсэн бэ?

-Би анх 2007-2008 онд Токиод нүүрний иогийн хичээлд сууж, нүүрэн дээр гардаг идээт үрэвслээс салж байлаа. Юу ч түрхээд, юугаар ч цэвэрлээд тухайн үедээ алга болсон ч буцаад л гардаг байсан юм. Эхлээд их л итгэл муутай очиж байлаа. Надад үрчлээс байгаагүй ч нүүрэн дээр гарсан юм маш богино хугацаанд хатаж эхэлсэн. “Ид шидтэй эд байна” гэдгийг мэдээд Монголд ирж найз, нөхөд болон гэрийнхэндээ зааж эхэлсэн. Тэр үед 24 настай намайг нүүрний үрчлээг дасгалаар арилгана гэхэд итгэдэг хүн цөөн байсан ч би ажлынхаа хажуугаар нүүрний болон биеийн иогийг хослуулан зааж байсан. Голдуу ганцаарчилсан сургалт явуулж байлаа. Тэр үед биеийн иог ч олигтой хөгжөөгүй байсан үе шүү дээ. Харин 2016 оноос сургалтаа эрчимжүүлж эхэлсэн. Хоёр удаа Токио явж нүүрний иогийн багшийн сургалтанд хамрагдсан. Тэгээд 2016 оны таван сараас хичээлээ нилээд эрчимтэй зааж эхэлсэн. Тэгэхлээр Монголд анх оруулж ирсэн нь 2008 он юм уу даа. Тухайн үед сонирхлоороо хоббигоо дагаад л эхлүүлж байсан бол  2016 оноос жинхэнэ ажил болгосон. Анхны зүйл болгон дардан замаар явдаггүйтэй адил хэцүү хүнд үе байсан. Наад зах нь үгүйсгэж хэл амаар дайрах хүмүүстэй цөөнгүй л таарна. Одоо хэн ч надтай маргахаа больсон. Энэ бол миний маш том амжилт гэж бодож явдаг.

-Хэр удаан хугацаанд нүүрний иог хийж байж, тодорхой үр дүнд хүрдэг вэ?

-Түрүүнд би хэлсэнчлэн үр дүн эхний өдөр л харагдана. Мөн хүний арьсны онцлог, наснаас болон хамгийн гол нь тухайн хүн дасгалаа хэр тогтмол хийж байгаагаас шалтгаална. 

Яг 7 хоногийн дараа та ийм тийм болно гэж хэлэх боломжгүй. Зарим хүн 7-10 өдрийн дараа сэтгэл хангалуун явж байхад тогтмол хичээллээгүй нэгэнд нь үр дүн бага л байна гэсэн үг. Ер нь нүүрний иогийн дасгалуудаа дарааллаар нь  өдөр бүр хийгээд явахад сарын дараа 5-10 жилийн өмнөх төрхөндөө ордог гэдгийг баттай хэлнэ.

-Бүсгүйчүүд сүүлийн үед ботокс их хийлгэх болсон. Ботоксоор ч  нүүрний үрчлээг арилгаж болдог шүү дээ. Нүүрний иог, ботокс хоёрын ялгаа нь юу вэ?

-Үнэндээ хагалгаа, тариа хийлгэхээс айдаг, зайлсхийсэн хүмүүс нүүрний иогийг сонгодог. Нүүрний иог бол хамгийн эрүүл, хямд, аюулгүй аргаар залуу болох арга. Мэдээж ботокс хийлгээд эсвэл хагалгаанд ороод сайхан болдог ч зарим хүн хэдэн жилийн дараа өмнөхөөсөө илүү хөгшин харагдах нь ч бий. Хамгийн сайн гэсэн хүн дээр очиж тариа хийлгэхэд маш их мөнгө шаардагдана. Тэр нь хэр баталгаатайг хэн ч хэлж чадахгүй. Нүүрний иогийн хичээл 60 мянган төгрөг л гэдэг. Энэ чинь нэг нүүрний тос авах л үнэ шүү дээ.

-Сүүлийн үед “гуаша массаж” гэдэг зүйл их дэлгэрэх болжээ. “Гуаша” гэж яг юу юм бэ?

-Гуаша эмчилгээний арга нь бүх төрлийн өвчнийг илааршуулахад өргөн хэрэглэгддэг Хятадын уламжлалт анагаах ухааны нэгэн цогц арга юм. Хэрэглэхэд хялбар хаана ч хэзээ хийх боломжтой бөгөөд маш богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүн өгдөг тул энэхүү арга нь Хятадын ард түмэнд үе дамжин уламжлагдаж ирсэн. Сүүлийн үед нүүрний гуаша өргөн дэлгэрч эрүүл чийрэг явж, гоо сайхнаа хадгалах чухал арга болсон. Нүүрний гэж хэлдэг боловч энэ нь нүүр, хүзүү, толгойн гуаша массаж юм. Сурахад хялбар, хямд бөгөөд хүний биед хоргүй. Гуаша гэдэг нь Гуа-хусах, ша- толбо, өвчин, бохирдол гэсэн утгатай өөрөөр хэлбэл өвчин, бохирдлыг хусаж арилгах гэсэн утгатай. Нүүрний гуаша нь арьсыг цочроож, нүх сүвийг нь онгойлгосноор хөлс болон бохирдлыг гадагшлуулан нарийн болон хялгасан судсуудыг тэлдэг.

Цусны эргэлтийг сайжруулж, тунгалгийн урсгалыг идэвхжүүлснээр нүүрний төрөлхийн өнгө сэргэн арьсыг уян хатан болгож, залуужуулдаг гэсэн үг.  Мөн нүдний эргэн тойрны хар хүрээ болон уутанцрыг арилгаж, галууны сарвуу зэрэг нүдний эргэн тойрны үрчлээг багасгадаг.

Арьсны балансыг тэнцвэржүүлж, арьсны бүтцийг аажмаар хэвийн болгож өөрчлөнө /хуурай арьстай бол хэвийн болж, тослог ихтэй бол мөн хэвийн арьстай болох/. Ядаргаа тайлагдаж нойрондоо сайжирч нэг удаа “гуашадахад” л цусны эргэлт сайжирч, тунгалгийн тогтолцоо дэмжигдэн арьсны өнгө мэдэгдэхүйц сэргэнэ. Нүүрэн дээр гарын алга, хөлийн улан дээрх шиг дотор эрхтний цэгүүд байрладаг тиймээс эрүүл мэндэд тустай юм. Тухайн цэгүүд дээр дарж идэвхжүүлж, мөн хусалт хийдэг гэсэн үг. Тэгэхээр нүүрэнд гуаша хийхэд дотор эрхтний үйл ажиллагаа идэвхжиж, нойргүйдэл үгүй болох жишээтэй.

 -Нүүрний иогийг удаан сууж хийдэг тул төвөгтэй санагддаг хүмүүс байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүст зориулсан хялбар дасгал гэж байдаг уу?

-Бид аль болох Японы цөөн тоогоор хийдэг, үр дүн их сайн гардаг дасгалууд заадаг. Япончууд маш цаг зав муутай хүмүүс байдаг тул үр дүн өндөр мөртлөө цаг бага зарцуулах дасгалуудыг зохиосон байдаг. Тиймээс богино хэмжээний, үр дүнтэй дасгалуудыг зөвлөе.  

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө